
Энэ сарын 7-нд I амаржих буюу “Нийслэлийн Өргөө” амаржих газарт 1984-1994 он хүртэлх хугацаанд төрсөн хүүхдүүдийн “Төрөлтийн түүх”-ийг гардуулах ёслол болсон юм. Үүнтэй холбогдуулан манай сайтад иргэдээс “Бүх иргэн энэ мэтээр “Төрөлтийн түүх”-ээ авч болох эсэх”-ийг тодруулж өгөхийг хүссэн хүсэлт ирсний дагуу 21 аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн удирдлагуудтай холбогдож, иргэд энэ түүхээ авч болох эсэх талаар тодрууллаа.
Эрүүл мэндийн сайдын 2013 оны 450 тоот тушаал, Архивын ерөнхий газрын 2014 оны долоодугаар сарын 9-ний А/116 тоот тушаалын дагуу эрүүл мэндийн салбарын баримт бичгийн нэр төрөл, хадгалах хугацааны жагсаалтаар төрөлтийн түүхийг 20 жил, өвчний түүхийг 50 жил хадгалах журамтай болсон билээ.
Архангай аймаг зайлшгүй шаардлагатай иргэдэд “Төрөлтийн түүх”-ийг нь өгдөг
Архангай аймгийн хувьд “Төрөлтийн түүх”-ийг өгдөг боловч зайлшгүй шаардлагатай иргэнд холбогдох хууль тогтоомжийн дагуу олгодог байна. Аймгийн Эрүүл мэндийн газрын даргын ярьснаар иргэд ихэвчлэн тэтгэвэрт гарах, аль эсвэл хүн амын бүртгэлд бүртгэгдээгүй, тухайн амаржих газар төрсөн эсэхээ зайлшгүй баталгаажуулах ёстой болохдоо төрөлтийн түүхээ авахаар ирдэг ажээ.
Нэгдсэн эмнэлгийн архив 10 жилээр хадгалдаг
Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэг төрөлтийн түүхдээ ямар нэгэн устгал хийгээгүй хадгалж байгаа аж. Гэхдээ аймгийн Нэгдсэн эмнэлгийн архивт сүүлийн 10 жилийн төрөлтийн түүх хадгалагдаж байгаа бол үүнээс өмнөх түүхүүд аймгийн архивт хадгалагддаг гэнэ. Түүнчлэн иргэд төрөлтийн түүхийн хуулбарыг авах боломжтой.
Баянхонгор аймаг иргэдийн гарт “Төрөлтийн түүх”-ийг өгдөггүй
Баянхонгор аймгийн хувьд Архангай аймагтай адил тодорхой хууль тогтоомжийн дагуу ажилладаг гэнэ. Тодруулбал, тэдэнд “Иргэдэд төрөлтийн түүхийг нь өг” гэх сайдын тушаал ирээгүй учир одоогоор иргэдийн гарт тус бичиг баримтыг өгөх боломжгүй байгаа аж. Түүнчлэн өвчтөний түүхийг 70 жил хадгалах ёстой гэх салбарын сайдын тушаалын дагуу өнөөг хүртэл ямар нэгэн түүх, сторыг устгасан зүйл байхгүй гэнэ.
Булган аймагт “Төрөлтийн түүх”-ийн эх хувийг канондаж өгөх боломжтой
Тус аймгийн хувьд салбарын сайдын 2013 оны журмын дагуу “Төрөлтийн түүх”-үүдийг устгалд оруулсан бөгөөд аймгийн төвд 2013 оноос хойш төрсөн иргэдийн түүх одоогоор хадгалагдаж байгаа ажээ. Харин сумдад төрсөн иргэдийн түүх сумынхаа эмнэлгийн архивт хадгалагддаг бөгөөд үнэхээр шаардлагатай бол төрсөн сумынхаа эмнэлгээс лавлахыг сануулж байв. Түүнчлэн аймгийн эмнэлэгт төрсөн эсэхээ батлах зайлшгүй шаардлагатай бол 2013 оноос өмнө төрсөн иргэд лавлагаа, тус оноос хойш төрсөн иргэд түүхийн канондсон хувилбарыг авах боломжтой аж.
Журмын дагуу “Төрөлтийн түүх”-үүдийг устгасан
Говь-Алтай аймгийн хувьд мөн л дээрх аймгуудын адил 2013 оны 450 дугаар тогтоолын дагуу 2013 оноос өмнө төрсөн иргэдийнхээ түүхийг устгалд оруулсан байна. Тэгэхээр 2013 оноос хойш төрсөн иргэдийн мэдээлэл аймгийн амаржих газарт хадгалаатай байгаа аж.
1989 оноос хойших 26 жилийн түүх байна
Говьсүмбэр аймаг байгуулагдаад удаагүй байгаа учраас аймгийн амаржих газарт төрсөн иргэдийн төрөлтийн түүх устгагдаагүй байгаа аж. Тодруулбал, тус аймагт 1989 оноос хойш өнөөг хүртэл мэндэлсэн хүүхдүүдийн тухай мэдээлэл байгаа гэнэ. Эрүүл мэндийн газрын өгсөн мэдээллээр энэхүү 26 жилд аймгийн амаржих газарт мэндэлсэн иргэдийн түүхийг өгөх боломжтой бөгөөд үүнээс өмнө төрсөн иргэд Дорноговь аймгаас лавлах боломжтой юм байна. Учир нь тус аймаг 1989 оноос өмнө Дорноговь аймгийн Сүмбэр сум нэртэй байсан ажээ.
Хэрэв “Төрөлтийн түүх”-ийг нь өг гэх сайдын тушаал гарвал өгөхгүй байх шалтгаан байхгүй
Дархан-Уул аймгийн Төрөх эмнэлэгт 1985 оноос өнөөг хүртэлх түүх хадгалагдаж байгаа бөгөөд одоогоор түүхийг иргэдэд тарааж өг гэх сайдын ямар нэгэн тушаал гараагүй учраас хүмүүст “Төрөлтийн түүх”-ийг өгөх боломжгүй аж. Гэвч салбарын сайдын тушаал гарвал өгөхгүй байх шалтгаан байхгүй гэж аймгийн Эрүүл мэндийн газрын дарга ярьсан юм. Мөн хэрэв журам батлагдаж, түүхийг олгож эхэллээ гэхэд архивтай ажиллах тусгай баг гаргахаас эхлээд нэлээдгүй чирэгдэл учирна гэж тэрбээр ярьж байв. Түүнчлэн 1985 оноос 1994 он хүртэл хичнээн эх амаржиж, хэдэн хүүхэд төрснийг тодорхой мэдээлэх боломжгүй гэсэн юм.
Төрөлтийн түүхийг иргэдэд хадгалуулах ажлыг дэмжиж байгаа
Дорнод аймгийн Эрүүл мэндийн газартай холбогдоход өнгөрөгч өдөр гарсан мэдээллийг харсан талаараа өгүүлээд I амаржих газрын хэрэгжүүлсэнтэй адил арга хэмжээг зохион байгуулах талаар ярилцаж буйгаа өгүүллээ. Гэхдээ одоогоор мэргэжилтнүүдийн түвшинд ярилцаж байгаа бөгөөд Нэгдсэн эмнэлгийн дарга, Эрүүл мэндийн газрын удирдлагуудыг ирсний дараа дахин зөвлөлдөж, хэдээс хэдэн он хүртэлх төрөлтийн түүхийг иргэдэд хадгалуулах боломжтой вэ гэдгийг ярилцах аж. Аймгийн төрөх эмнэлэгт төрсөн хүүхдүүдийн түүх 50 жилээр хадгалагдаж байгаа бол сумдад төрсөн хүүхдүүдийн түүх сумдын эмнэлэгтээ архивлагдсан байгаа гэсэн юм.
Дундговь аймагт 1984 оноос хойших түүх хадгалагдаж байна
Дундговь аймгийн хувьд 1984 оноос 2015 он хүртэлх иргэдийнхээ төрөлтийн түүхийг хадгалж байгаа бөгөөд түүхээ авахыг хүссэн иргэдэд нээлттэй гэх мэдээллийг өглөө. Түүнчлэн салбарын сайдын тушаалын дагуу хадгалж байгаа ч устга гэх чиглэл ирсэн тохиолдолд биелүүлэхээс өөр аргагүй гэдгийг ч хэлж байсан юм.
Хадгалах хугацаа дууссан түүхийг аймгийн архив руу шилжүүлдэг
Завхан аймгийн хувьд төрөлтийн түүхийг хадгалдаг тусгай архивгүй, архивын ажилтангүй байсан бөгөөд тэрхүү ажлыг статистикийн ажилчид гүйцэтгэдэг байжээ. Тиймээс 1990 оноос өмнө төрсөн иргэдийн мэдээллийг аймгийн Төв архив руу шилжүүлсэн аж. Тэгэхээр 1990 оноос хойш төрсөн иргэд холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн аймгийн нэгдсэн эмнэлгээс төрөлтийн түүхээ авах боломжтой юм. Нэгдсэн эмнэлгийн мэргэжилтний ярьснаар тухайн хугацаанд төрсөн иргэд төрөлтийн түүхээ авахаар бол ачаалал нэлээд нэмэгдэхээс гадна шаардлагатай бичиг баримтыг хэвлэх төхөөрөмжөөс эхлээд олон зүйл шаардагдах ажээ.
Хүн бүрт төрөлтийн түүхийг өгдөггүй
Орхон аймгийн нэгдсэн эмнэлэг 1973 онд байгуулагдсан бөгөөд жилд дунджаар 2800 шинэ иргэн аймгийн төрөх тасагт мэндэлдэг байна. Харин салбарын сайдын 2013 оны журмын дагуу 1996 оноос өмнөх иргэдийн төрөлтийн түүхийг устгалд оруулсан аж. Ингэхээр 1996 оноос хойш төрсөн иргэдийн түүх аймгийн амаржих газрын архивт хадгалагдаж байгаа юм. Гэвч Нэгдсэн эмнэлгийн удирдлагын ярьснаар тухайн түүхийг хүссэн хүн бүрт өгдөггүй бөгөөд онцгой, зайлшгүй тохиолдолд, тусгай зөвшөөрлийн дагуу төрөлтийн түүхийг хуулбар маягаар авах боломжтой гэнэ.
35 жилийн түүх бий
Өвөрхангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлагатай холбогдоход өнгөрөгч өдөр гарсан мэдээллийг харсан бөгөөд хувь хүний хувьд дэмжиж байна гэсэн юм. Учир нь орон нутагт тэр их архивын бичиг баримтыг хадгалах байр савнаас эхлээд хүндрэлтэй асуудал их байдаг хэмээн ярьж байв. Аймгийн хувьд 1980 оноос өнөөг хүртэлх 35 жилийн төрөлтийн түүх хадгалагдаж байгаа бөгөөд дээр дурдсан шалтгаанаас болоод 1980 оноос өмнөх түүх устгалд орсон байна. Түүнчлэн тухайн 35 жилд төрсөн иргэд төрөлтийн түүхээ авахын тулд гэрчилгээтэйгээ ирэхэд л хангалттай ажээ.
Өмнөговь аймагт хадгалагдаж буй 32 жилийн түүхийг устгах асуудлыг ирэх онд шийдвэрлэнэ
Өмнөговь аймагт одоогоор 1983 оноос 2015 он хүртэлх 32 жилийн төрөлтийн түүх хадгалагдаж байгаа бөгөөд эдгээрийг устгах эсэх асуудлыг ирэх оны 1 дүгээр улиралд шийдэх гэнэ. Одоогоор Нэгдсэн эмнэлгийн удирдлага нийслэлд хуралд сууж яваа учраас тодорхой мэдээллийг өгөх боломжгүй байгаагаа эмнэлгийн мэргэжилтэн учирлаж байлаа.
“Төрөлтийн түүх”-ийг 10 жилийн өмнөөс өгдөг болсон
Сүхбаатар аймгийн Төрөх эмнэлэгт 1996 оноос хойших төрөлтийн түүхүүд хадгалагдаж байгаа бөгөөд тус аймаг 20 жил тутамд төрөлтийн түүхүүдээ аймгийнхаа архив руу шилжүүлдэг аж. Гэхдээ Нэгдсэн эмнэлгийн даргын ярьснаар 10 жилийн өмнөөс төрсөн ээжүүдэд төрөлтийн түүхийг нь өгч гаргадаг болсон гэнэ. Түүнчлэн тэрбээр түүнээс өмнө ч өгдөг байсан байж магадгүй гээд төрөлтийн түүхийг гардуулж буй мэдээг үзээд их гайхсан гэж байв.
1994 оноос хойш төрсөн иргэд түүхээ авах боломжтой
Сэлэнгэ аймгийн хувьд Эрүүл мэнд, спортын сайдын 2013 оны 450 дугаар тушаалын дагуу 20 жил болоод төрөлтийн түүхийг устгадаг болсон гэнэ. Одоо аймгийн төрөх тасгийн архивт 1996 оноос хойш төрсөн иргэдийн төрөлтийн түүх байгаа бөгөөд авах хүсэлтэй иргэдэд нь өгөх талаар ярилцаж байгаа ажээ. Гэхдээ энэ асуудал одоогоор шийдэгдээгүй байгаа юм.
Сумд төрөлтийн түүхээ тусдаа хадгалдаг
Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт төрсөн иргэдийн түүх эмнэлгийнхээ архивт хадгалагдаж байгаа бол сумдад төрсөн иргэдийн түүх тухайн сумдаа байдаг тухай эмнэлгийн удирдлага ярьж байна. Түүнчлэн хэрвээ иргэдэд тарааж өг гэх тушаал гарвал өгөхгүй байх шалтгаан байхгүй гэлээ.
Увс аймгийн сумдад төрсөн хүүхдүүдийн мэдээлэл 30-40 жилээр хадгалагдаж байгаа
Увс аймаг өдийг хүртэл төрсөн хүүхүүдийнхээ төрөлтийн түүхийг он цагийн дарааллаар цэгцтэй хадгалж байсан ч салбарын сайдын тушаал гарч 20 жил болсон түүхүүдийг устгалд оруулсан байна. Тиймээс одоогоор аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1996 оноос хойш төрсөн иргэдийн төрөлтийн түүх хадгалагдаж байгаа бөгөөд харин сумдад 30-40 жилийн өмнөх төрөлтийн түүхүүд байгаа тухай удирдлагууд нь ярилаа. Төрөлтийн түүхээ харахыг хүссэн, авч хадгалахыг хүссэн иргэд Нэгдсэн эмнэлгийн архивын ажилтанд хандахад болно хэмээн мөн хэлсэн юм.
Зөвшөөрөгдсөн түүхүүдийг олгох боломжтой
Ховд аймгийн хувьд төрөлтийн түүхийг 70 жил хадгалах ёстой гэх журмыг баримталж явдаг бөгөөд тус аймагт өнөөгөөс 70 жилийн өмнөх хүртэлх төрөлтийн түүхүүд хадгалагдаж байгаа гэнэ. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга “Төрөлтийн түүх олгох асуудлыг би ганцаар шийдэхгүй. Салбарын сайдын тушаал, аймгийн удирдлагуудын зөвшөөрөлтэйгөөр шийдэгдэх асуудал. Ер нь төрөлтийн түүх стор дээр тухайн эх яаж төрсөн талаарх бүх мэдээлэл байдаг. Цус алдсан, ухаан алдсан, амьгүй хүүхэд төрүүлсэн, хүүхэд нь гараад эндсэн гэх мэт олон ноцтой мэдээлэл байдаг учраас сторийг бүтнээр нь өгөх боломж байхгүй. Яахав төрөлтийн түүхийн нүүр хэсэг, хэдэн кг жинтэй хүүхэд төрсөн, эх баригч эмч нь ямар хүн байсан зэргийг нотлох баримтыг өгч болох байх” гэсэн юм. Ховд аймагт 1970 оноос хойших иргэдийн төрөлтийн түүх бий.
Төрөлтийн бүртгэл гэж бий
Хөвсгөл аймгийн хувьд 2009 оноос хойш төрөлтийн түүх хадгалагдаж байгаа гэнэ. Тус аймгийн төрөх тасгийн архив аймгийн төв архивтай хамт байж байгаад 2000 оноос салсан байна. Тэгэхээр 2000 оноос өмнөх төрөлтийн түүхүүд аймгийн архивт хадгалагдаж байгаа ажээ. Түүнчлэн тус аймаг нярайлсан ээжүүдэд төрөлтийн бүртгэлийг нь өгч явуулдаг гэнэ. Энэ нь хүүхдэд нь гэрчилгээ авахад хэрэг болдог байна.
Төрөлтийн түүхийг хувилж өгч болно
Хэнтий аймгийн хувьд 1992 оноос хойших төрөлтийн түүхүүдийг хадгалж байгаа бөгөөд төрөлтийн түүхийг 50 жил хадгалах ёстой гэсэн журмыг баримталдаг аж. Түүнчлэн Нэгдсэн эмнэлгийн даргын ярьснаар төрөлтийн түүхийг хувилж авах боломжтой гэнэ.
Улаанбаатарт төрсөн иргэд...
21 аймагт төрсөн иргэдийн хувьд ийм байсан бол Улаанбаатар хотын амаржих газруудад төрсөн иргэд төрөлтийн түүхээ авч болох эсэхийг тодрууллаа.
Нийслэлийн “Өргөө” амаржих буюу олны ярьж сурснаар I төрөхийн хувьд 1984-1994 оны хооронд төрсөн иргэдийнхээ төрөлтийн түүхийг өгсөн бөгөөд энэхүү ажлыг 2016 оныг дуустал зохион байгуулах аж.
Харин “Хүрээ” амаржих газар буюу II төрөхийн хувьд төрөлтийн түүхийг иргэдэд нь өгөх талаар тодорхой шийдвэрт хүрээгүй байгаа аж. Тус эмнэлгийн хувьд сүүлийн 20 жилийн төрөлтийн түүх хадгалагдаж буй юм байна.
Нийслэлийн “Амгалан” амаржих газар буюу III төрөхийн хувьд 1990-ээд оноос хойших төрөлтийн түүх хадгалагдаж байдаг ч төрөлтийн түүх бус лавлагааг өгөх боломжтой гэнэ. Харин 1990 оноос өмнөх төрөлтийн түүх бичиг баримтууд архив шатсанаас болж устсан аж. Хэдийгээр өвчтөний түүх шатсан ч бүртгэл хөтөлсөн тэмдэглэл байгаа хэмээн эмнэлгийн дарга ярьж байсан. Түүнчлэн тус эмнэлгийн хувьд ЭХЭМҮТ-д нэгдэж, нэг хэсэг үйл ажиллагаа явуулж байсан учраас шилжилт хөдөлгөөнөөс болоод нэлээдгүй бичиг баримт үрэгдсэн байна. Мөн эмнэлгийн даргын ярьснаар зарим төрөлтийн түүх нууцын зэрэглэлтэй байдаг учраас өгөх боломжгүй гэсэн юм.
Иргэн та “Төрөлтийн түүх”-ээ авах боломжтой юу | ||
Үзсэн: 9318 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.