
“Байрнаасаа хөдөлсөн чулуу гурван жил эвээ олдоггүй” гэх эртний сургаалыг даган өсвөр наснаас өдийг хүртэл нутгийн чулуугаа үр хүүхдээсээ илүү хайрлаж, хүүхдүүдийнхээ түүсэн чулууг гэрийн буурь дээрээ асгаад нүүж байсан тухайгаа Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул Н.Бат-Очир ярьж байна. Тэрбээр ийнхүү халаглаж суух нь нутгийн иргэд нь байгалийнхаа чулууг түүж, БНХАУ-ын худалдаачдад зарах болсонтой холбоотой гэнэ.
Тодруулбал, зөвхөн Дундговь аймгийн хувьд л гэхэд Дэлгэрцогт сумаас гадна Дэрэн, Баянжаргалан Цагаандэлгэр, Өндөршил, Гурвансайхан сумдад олны харцыг, басхүү шуналыг өөртөө татсан манын төрлийн эрдэнийн чулуу гардаг юм байна. Тэрхүү чулууг нутгийн иргэд түүн нууж, хааж хил давуулан чулууны наймаачдад үнэ хүргэн зардаг гэнэ. Уг нь эрдэнийн чулууг “Түүх, соёлын дурсгалт өв”-д хамруулан хил, гаалиар нэвтрүүлэх бол тусгай журмын дагуу, буцаан ирүүлэх нөхцөлтэйгээр гаргадаг байх юм. Гэтэл иргэд бүхий л “муу” аргыг ашиглан нууж хаан нэвтрүүлсээр эрдэнийн чулуутай газруудын баялаг ч дуусч, зарим иргэн чулуугүй болсон нутгаа орхин бусад сум руу нүүдэг болсон талаар эх сурвалжууд ярьж байна.
Зургийн тайлбар. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутаг "Цагаан-Оовоо". Газрын гүнийг ухсан байдал
Бодит байдалтай танилцахаар нийслэлээс 270 гаруй км-ийн зайд байх Дундговь аймгийг зорилоо. Аймгийн төвөөс хойш 45 км-ийн зайд орших Дэлгэрцогт сум, Дэлгэрцогт сумаас 20 орчим км-ийн зайд орших газраас ямар нэгэн зүйлээ унагачихаад хайж байгаа мэт газар ширтэн алхах олон хүн замд тааралдана. Зарим нь машин, мотоциклийнхоо дэргэд хараа цуцам их талаа ажиглаж байгаа мэт сууж, бүр айл буух боломжгүй баймаар уулын оройд хүртэл эзэнтэй, эзэнгүй нь мэдэгдэхгүй ганц гэр бүртийнэ...
Учир мэдэхгүй зарим нэгэн сонирхох зүйлгүй “нүцгэн” тал дээр суух хүмүүсийг байгаль дэлхийнхээ сайхныг мэдэрч сууна гэж хэлж болох ч үнэн хэрэгтээ тэд чулуугаа түүж суугаа нь тэр.
“Сүүлийн жилүүдэд хур бороо муу орж, ган гачигтайн улмаас нутгийн малчид отор нүүдэл хийн, Дэлгэрцогт сум малгүй, эзэнгүй нутаг шиг л болсон цаг саяхан. Гэтэл эрдэнийн чулуу /ихэвчлэн мана/ нутагт нь гарч гэж сонсоод олон жил нутагтаа ирээгүй малчид болоод таних, танихгүй олон хүн зорин ирэх болсон” гэж нутгийн иргэд ярьж байна. Бүр сумын иргэдээс гадна аймгийн төвөөс, Өмнөговь аймгаас, Улаанбаатар хотоос хүртэл чулуу түүхээр хүмүүс очдог гэнэ.
Зургийн тайлбар. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт чулуу түүдэг иргэдээс хурааж авсан чулуу, багаж
3-4 жилийн өмнө ашиглалтад орсон хатуу хучилттай замтай болсноос хойш чулууны бизнес энэ нутагт хөгжсөн гэж болно. Одоо сумдын төвд ч, аймгийн төвд ч чулуу худалдан авдаг тусгай хүмүүс байдаг байх юм. Ихэвчлэн хувийн дэлгүүрийн эзэд. Наанаа хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байгаа боловч цаанаа нутгийн иргэдээс чулууг нь худалдан авч, хил давуулдаг хэд, хэдэн наймаачныг нутгийн иргэд нэрлэж байв. Бүр орон гэргүй байсан нэгэн чулуу түүж, наймаалсаар жижиг дөрвөн ханатай гэртэй, жижиг оврын автомашинтай болсон талаар ч нутгийнхан нь хуучилж байсан.
Амьжиргааны түвшин доогуур энэ мэт хүмүүсийн амьдралыг дээшлүүлж байгаа нь магтууштай гэж хэлэх олон байх ч эрдэнийн чулуу байгальдаа илүүдсэн гэж үү гэх асуулт гарч ирнэ.
“Геологийн төв лаборатори” ТӨҮГ-ын Геологийн чулуу судлаач Б.Төгөлдөр “Монгол Улсад 150 гаруй төрлийн мана байдаг. Маныг энгийнээр тайлбарлавал галт уулын үлдэгдэлтэй холбож болно. Мана чулууны байгальд нөлөөлөх нөлөөллийг яривал энэ чулуу газрын тоос шороог өөртөө шингээж, ус чийгийг тэнцвэржүүлж байдаг. Ус, чийг гэдэг бол газарт “амь” нь. Гэтэл түүнийг нь таслачихвал байгаль нэг талаараа “үхжиж” тоосжилт, цөлжилт нэмэгдэнэ гэсэн үг” хэмээн ярьсан юм. Тэгэхээр олны “мөнгө” болгон харж буй мана байгалийн амь байх нь.
Зургийн тайлбар. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумаас гардаг манын төрлийн эрдэнийн чулуу
Нутгийн “амь” болсон мана чулуу түүдэг хэд хэдэн хүнтэй уулзлаа. Тэднээс “Эрдэнийн чулуу түүх нь ашигтай байна уу” гэхэд иргэн Б “Хөдөө орон нутагт ажлын байрны олдоц муу. Ажлын туршлагагүй биднийг ажилд авах газар олддоггүй. Тэгж хүмүүст нүд үзүүрлэгдэж явснаас байгалийнхаа гадарга дээр байгаа чулуугаа түүгээд “гоё” чулуу олдох юм бол 1 сая, бүр азтай байвал 70 хүртэлх сая төгрөгийн ашигтай ажиллах боломж байна. Сарын цалин гэж горьдож суухгүй амар юм” гэж байсан бол С гэгч “Ер нь бид өсөж төрсөн нутгийнхаа чулууг түүснийхээ төлөө орон нутаг, хэвлэл мэдээллийнхэнд адлуулж байдгаа ойлгохгүй юм. Бид түүхгүй бол магадгүй бусад аймгийн, эсвэл харь нутгийн иргэд ирээд түүчихнэ шүү дээ. Бусдыг тэгж баяжуулснаас өөрсдөдөө үлдээсэн нь дээр” хэмээн бухимдаж байв.
Харин тэднээс “Мана байгальд ямар ашиг тустайг мэдэх үү” гэхэд бүгд ам амандаа үг хэлэх боловч, ус чийгийг тэнцвэржүүлдэг, байгальдаа хэрэгтэй гэх нэг ч үг хэлсэнгүй. Тэд зөвхөн бусад хүмүүс түрүүлж баяжчихвий гэж айж байгаа болохоос үр хүүхэд нь цөлд өсч, мал сүрэг нь бэлчээргүй болоход санаа чилээхгүй байгаа нь илт.
Гэтэл 2013 оны цөлжилтийн нэгдсэн зургаас харахад Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 77.8 хувь нь их, бага хэмжээгээр цөлжилт, газрын доройтлын үйл явцад өртсөн байх бөгөөд тэдгээрийн дотор цөлжилтөд нэн хүчтэй өртөж буй аймгийн тоонд Дундговь аймаг багтсан байх юм.
Зургийн тайлбар. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт тарьсан "Алтан харгана"
Сүүлийн жилүүдэд цөлжилт нэмэгдсэж байгаатай холбогдуулан аймгийн удирдлагууд сумдын нутагт мод тарих, ногоон байгууламж байгуулах зэргээр олон ажил зохион байгуулж байгаагийн нэг нь Дэлгэрцогт, Өлзийт сумдад “Алтан харгана” тарьсан явдал байв. ӨМӨЗО-ны Хянган аймгийн тусламжаар эдгээр сумдын 20 га газарт “Алтан харгана” тариалсан бөгөөд энэхүү ургамал нь цөлжилтийг багасгах нэг арга гэж ярьж байна. Гэтэл чулуу гарч буй эдгээр сумдын хэдэн га-д энэхүү ургамлыг тарих вэ. Чийгийг тогтоон барьж байдаг чулууныхаа хууль бус олборлолтыг зогсоож байж, сая цөлжилтийг бууруулах арга замаа эрэлхийлмээр...
Х.Анхбаяр: Хураасан чулуугаа хэрхэх вэ гэдэг асуудалтай тулгараад байна
Дундговь аймгийн ИТХ-ын энэ оны долоодугаар сарын 6-ны өдрийн VII өргөтгөсөн хуралдаанаар Дэлгэрцогт суманд өнгөт болон үнэт чулууг хууль бусаар олборлож буй асуудлыг хэлэлцэж “Дэлгэрцогт сумын нутагт хууль бусаар өнгөт болон үнэт чулуу олборлохыг хориглох шийдвэр” гаргаж байсан. Гэвч энэ асуудал өнөөдрийг хүртэл хэвээр...
Нутгийн удирдлагуудын шийдвэрээс илүүтэйгээр байгалийн ширүүн уур амьсгал, өвлийн улирал ирж буй нь чулууны эрэлчдийн үйл ажиллагааг сааруулж байх шиг...
Зургийн тайлбар. Хураан авсан чулуугаа ингэж хадгалдаг
Эрэлд гарсан малчин шиг хаа сайгүй үзэгддэг чулуу түүгчид бусдаар бол хэнд ч захирагддаггүй талаар аймгийн Байгаль орчны мэргэжилтэн ярьж байна. Тэргүүлэгчдийн хурлаас “чулуу түүхийг хориглох” шийдвэр гарахаас өмнө аймгийн Мэргэжлийн хяналт, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Цагдаагийн байгууллага, Тагнуулын албан хаагчдын нэгдсэн баг чулуу түүгчдийн үйл ажиллагааг зогсоохоор хяналт шалгалтад мордоход тэдэнд баригдаж, арга хэмжээ авахуулдаг нь цөөн байдаг аж. Зарим нь хяналт, шалгалт ирэхийн сургаар гэр орондоо бүгэж, зарим нь барааг нь хараад түүж байсан чулуугаа байгальд нь буцаагаад цацчихдаг гэнэ. Харин азгүйтэж баригдсан нь цөөн төгрөгийн торгууль төлөөд, эсвэл төлөх үүрэг аваад үлддэг аж.
Манай улсад энэ төрлийн хэргийг “Эрдэнийн сангийн тухай” хууль , “Ашигт малтмалын тухай” хуулиар шийдвэрлэдэг. Гэтэл тэрхүү хуулиудад заасан зүйл заалтыг зөрчсөн этгээдэд онц ноцтойгоос бусад тохиолдолд /гадаргаас чулуу түүсэн гэх мэт/ ихэвчлэн цалин, хөлсний доод хэмжээг хэд дахин нугалсантай тэнцэх мөнгөн торгууль ногдуулдаг. Харин чулуугаа дөнгөж түүж, борлуулж “хөлжиж” амжаагүй байгаа иргэдэд торгуулийн мөнгө нь байхгүй учраас хяналт, шалгалтын байгууллагад “өртэй” үлддэг байна. Мэргэжлийн байгууллагынхны хувьд тэдний түүсэн чулууг хурааж авах, торгууль ногдуулахаас цаашгүй болсон талаар ярьж байсан юм.
Дундговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ахлах мэргэжилтэн Х.Анхбаяр “Байгалийн өнгөт, эрдэнийн чулуу түүх энэхүү хууль бус үйл ажиллагаа 2012 оноос идэвхжиж эхэлсэн гэж үздэг. “Ашигт малтмалын тухай” хуульдаа байгалийн чулууг түүж болно гээд заагаад өгчихсөн байдаг учраас иргэдийн үйл ажиллагааг бид хааж чадахгүй байна. Аймгийн удирдлага, мэргэжлийн байгууллагуудын түвшинд тогтмол хяналт шалгалт хийдэг ч тодорхой үр дүнд хүрэхгүй л байгаа. Иргэд эхний жилүүдэд зөвхөн газрын гадарга дээрээс үнэт чулуу түүдэг байсан бол сүүлийн жилүүдэд газрын хөрснөөс доош ухаж, малтаж эхэлсэн. Тэр бүрийг нь шалгалтаар илрүүлж булуулдаг ч бас л үр дүнгээ өгөхгүй байна. Гэнэтийн шалгалт л хийхгүй бол мэдчихээрээ чулуу түүхээ больчихдог. Нэг удаагийн гэнэтийн шалгалтад л гэхэд 40 орчим хүнийг саатуулж, цагдаагийн байгууллагад бүртгүүлж, түүсэн чулууг нь хурааж, торгууль ногдуулахаас цаашгүй байна. Одоо сумын иргэдээс гадна Өмнөговь, Говьсүмбэр аймгаас хүмүүс ирж чулуу түүж байна гэж байгаа. Бүр Өмнөговийн иргэдийн хувьд хот руу явдаг автобусанд сууж Дэлгэрцогтод буучихаад Өмнөговь руу буцдаг автобусанд суугаад орой нь харьчихдаг юм билээ. Яг л ажилдаа ирж, очиж байгаа юм шиг хэсэг хүн бий. Бидэнд эдгээр иргэнд Захиргааны арга хэмжээ авахаас өөр ямар ч арга байдаггүй. Сүүлдээ бүр чулуу түүдэг гэх бүртгэлтэй иргэдийнхээ шүтлэг, ёс уламжлалтай холбон чулуу түүх асуудлыг нь зогсоох талаар ярилцаж байна. Ёс уламжлал талаар лекц уншдаг З.Бат-Отгон, Х.Баасансүрэн, Г.Пүрэвбат зэрэг хүмүүсийн талаар судлаж, холбоо тогтоож байгаа. Хууль тогтоомжоороо зохицуулж болдоггүй юм бол ядахнаа шүтлэг, ёс заншилтай нь холбовол ойлгох болов уу гэж хүртэл ярилцаж байна. Бид энэ хүмүүсийг байнга хянаад байж чаддаггүй, шалгалт явуулахад баригдсан хүмүүс цагдаад бүртгэлтэй байдаг учраас тухай бүрт нь хянаж болдог ч бусдыг нь хянах боломж алга. Зарим нь бүр шөнөөр ухна шүү дээ... Бид энэ асуудлыг шийдвэрлэж өгөөч ээ, хууль эрхзүйн заалтдаа тусгаач ээ гэж сүүлийн 2-3 жил холбогдох хүмүүст нь хүсэлт явуулж байна. Цаашаа уламжиллаа л гэдэг” хэмээн ярилаа.
Үнэхээр энэ асуудалд албаныхан ч арга ядсан нь илт. Тиймдээ ч монголчуудын уламжлал, ёс заншил, шүтлэгтэй холбон тайлбарлавал чулуу түүгчид больж магадгүй хэмээн бодсон гэж байгаа юм.
Зургийн тайлбар. Дундговь аймгийн" Идэвхтэн байгаль хамгаалагч"-ийн тэмдэг, үнэмлэх
Уламжлалт аргаар нь болиулахаас гадна ашигт малтмал гарч буй газруудад аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас “Сайн дурын байгаль хамгаалагч”-дыг томилон ажиллуулж байгаа аж. Гэвч Дэлгэрцогт сумын хувьд одоог хүртэл сайн дураараа байгаль хамгаалагч болох хүсэлтэй нэг ч хүн гарч ирээгүй гэнэ. Учир нь сайн дурын байгаль хамгаалагч нэртэй болохоос биеэ хамгаалах ямар нэгэн багаж, хууль тогтоомж байдаггүй учраас тэдгээр сайн дурынхныг сонсож, шаардлагыг нь биелүүлэх хүн байдаггүй аж. Үүнээс гадна сайн дурын байгаль хамгаалагчид аминд аюултай энэхүү ажлыг хийхээс цааргалдаг байна. Хэдийгээр тэд хууль бус “эрэлчдийг” олж, шийтгүүлэх бүртээ тэднийг торгох мөнгөний тодорхой хэмжээг нь цалин болгож авах ч тэдний хувьд мөнгөнөөс илүү амь нас чухал гэж үздэг.
Чулуу түүгчдийн үйл ажиллагааг зогсоох арга замаас гадна тэдний түүсэн чулууг хаана хадгалах вэ, хэрхэн устгалд оруулах вэ гэдэг нь мэргэжлийн байгууллагуудын тулгамдсан асуудал болсоор байгаа аж. Ахлах мэргэжилтэн Х.Анхбаярын ярьснаар хурааж авсан чулуугаа байгальд нь хэрэгтэй гээд цацчихаар маргааш нь, эсвэл орой нь очоод дахиад түүчихдэг байна. Тийм учраас чулуу түүгчдийн нүд, чихнээс хол булах, цацах эсхүл хадгалах зэрэг сонголтуудтай тулгараад байгаа гэнэ. Хамгийн гол нь хадгалах гэхээр өдөрт тонн, тонноороо хураагддаг чулууг хийх сав байхгүй, булах гэхээр тээвэрлэх, ухах газар бэлтгэх зэргээр санхүүгийн бэрхшээл гардаг талаар ярьж байлаа.
Зөвхөн аймгийн төв ч гэлтгүй Гаалийн Ерөнхий газарт ч хураагдсан чулууг хаана хадгалаж, яаж устгалд оруулах вэ гэх асуудал тулгараад байгаа аж.
Зургийн тайлбар. Газрын гүн рүү ухахад эрдэнийн чулуу хананд нь ингэж харагддаг байна
Гаалийн Ерөнхий газрын Хууль эрх зүйн хэлтсийн ахлах байцаагч Ч.Тамир “Хуульд заасны дагуу чулуу болон чулууны дээжийг эрх бүхий байгууллагын зөвшөөрлийн үндсэнд, хязгаартайгаар улсын хилээр нэвтрүүлэх барааны жагсаалтад багтаасан байдаг. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн хяналтын байгууллагаас авсан экспортын гэрчилгээ, экспортын мэдэгдэл, эрдэс баялгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлтэйгээр хилээр гаргадаг. Хэрэв эдгээр бичиг баримтыг бүрдүүлээгүй бол Гаалийн байгууллага тухайн чулууг гаалийн хилээр нэвтрүүлэхгүй байх, зөрчилтэй бол хураан авах эрх зүйн зохицуулалттай. Тиймээс нэг чулуу байсан ч, хэн нэгэнд бэлэглэхээр эсвэл биедээ заавал авч явдаг гэж тайлбарласан ч зөвшөөрлийн бичиг байхгүй бол бид хураах үүрэгтэй. Харин хадгалах болоод устгалд оруулахын тухайд хуулийн дагуу шийдвэрлэдэг” гэв.
Мэргэжилтнүүдийн ярьж буйгаар энэхүү эрдэнийн чулууг ихэвчлэн БНХАУ-ын наймаачид авдаг гэнэ. Тэд сард 1-2 удаа Монголд ирж чулууны наймаачдын авсан чулуунд шалгалт хийж, “өнгөтэй” үнэд хүрэхийг нь хил давуулахаар тохиролцоод буцдаг аж.
Зургийн тайлбар. БНХАУ-ын үнэт чулууны наймаачид болоод худалдан авагчид
Түүнчлэн жижиг төрлийн мануудыг кг-аар нь худалдан авдаг тухай чулууны наймаа хийдэг Х ярьж байна. Тэрбээр 2 жилийн өмнөөс үеийн хэдэн найзуудын хамт чулуу хил давуулах ажил хийж эхэлсэн бөгөөд хэд хэдэн удаа баригдаж, хил давуулахаар авч явсан чулуугаа хураалгаж байжээ. Түүний ярьснаар сүүлийн үед /энэ зунаас/ хятадууд жижиг мана авахаасаа илүүтэйгээр оюу сонирхох болсон гэнэ. Бүр сүүлд хил давуулсан хэд хэдэн жижиг манаа буцааж авчирсан талаар ярьж байна. Тэрбээр “Хятад гэлтгүй Эрээний зах дээр мана маш их болсон. Хятадуудын хувьд бидний аваачсан чулуугаар зүүлт хийж зүүдэг гэдэг. Гэхдээ зарим хүн байгальдаа цацдаг л гэдэг юм билээ. Хятадууд их элдэвтэй учраас олон зүйлд л зарцуулж байгаа байх. Одоо Хятадын зах зээлд мана маш их болсон учраас тэд биднээс оюу олж ирээч ээ гэж хүсдэг болсон. Жижиг нь гэхэд ойролцоогоор 2 сая төгрөгөөр зарагдах оюуг олох хэцүү. Тиймээс их эрэл сурал болж байна” хэмээн ярьсан юм.
Нэгэн үед Хятадууд Монголын ноолуурын үнийг өсгөж, вагон вагоноор нь экспортолж байснаа нэг л өдөр “авахгүй” гээд буцаасантай ижил зүйл эрдэнийн чулуунд тохиолдоод байх шиг...
Зургийн тайлбар. Хятад чулууны наймаачид чулууг шалгаж авахдаа тусгай гэрэл тусгаж, чанарыг нь шалгадаг. Тунгалаг, сэв бага байх тусам их үнэ хүрдэг байна.
Хятад наймаачид хангалттай их мана авсан учраас одоо оюу авч эхэлж байна. Дараа нь юуг маань худалдан авъя гэх бол...
Тиймээс хэзээ нэгэн цагт бидэнтэй нүүр тулах “үнэнтэй” өнөөдрөөс тэмцье. “Ашигт малтмалын тухай хууль”-д заасан нөхцөлийг илүү сайжруулж, энэ төрлийн хөгжиж буй бизнест цэг тавих хуультай болъё. Хөдөө орон нутагт ажлын байр, ажилтай залуусыг бэлтгэе. Хүн бүрт баялгаа сүйтгэх нь ямар хор хөнөөлтэйг сануулъя.
Энэ мэт зүйлсийг энгийн иргэн эсвэл харьяалагдах байгууллагын мэргэжилтэн яриад суух биш улс даяар, аймаг бүрт төлөвлөгөөт ажил болгон хэрэгжүүлье. Энэ бол нэг удаа хэлээд, нэг удаа торгоод өнгөрөх асуудал биш... Хожим үлдэх үр хүүхэддээ хатсан хожуул, цэлийсэн цөлийг үлдээхээс өнөөдөр л сэрэмжлэх хэрэгтэй...
Эс тэгвээс нэгэн цагт малынхаа бэлчээрийг даган нүүдэллэдэг байсан монголчуудын чулуу даган нүүх их нүүдэл зогсохгүй биз ээ...
Эрдэнэсийн сангийн тухай 1994 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хууль III зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт: http://www.gia.gov.mn/articles/view/81
1. "Эрдэнэс" гэж түүхий эд, хайлш, химийн нэгдэл, бүтээгдэхүүн, түүх соёлын дурсгалт зүйл зэрэг ямар ч байдалд байгаа үнэт металл, эрдэнийн чулууг хэлнэ.
2."Үнэт металл" гэж алт, мөнгө, платина болон түүний бүлэгт багтдаг палладий, иридий, родий, рутений, осмийг хэлнэ.
3."Үнэт чулуу” гэж доржпалам, бадмаараг, маргад, индриал болон сувдыг хэлнэ.
4."Эрдэнэсийн сан" гэж төрийн нэрийн өмнөөс Монгол банк эрхлэн хуримтлуулж, хадгалж, хамгаалж, хэрэглэж байгаа эрдэнэсийн хуримтлалыг хэлнэ
5."Байгалийн төрц" гэж 400.0 граммаас дээш жинтэй эсхүл 3.0 2.0 сантиметрээс дээш хэмжээтэй, түүнээс бага боловч онцгой чамин дүрс хэлбэртэй байгалийн тогтоц, дүрс хэлбэрээрээ олдсон үнэт метаалл, үнэт чулууг хэлнэ.
6. "Эрдэнийн чулуу" гэж олон улсад хэвшсэн ангилалд хамрагдах үнэт, хагас үнэт чулууг хэлнэ.
Байгалийнхаа “амь”-ийг тасласаар байх уу... | ||
Үзсэн: 8721 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.