Шууд Chart

Жижиг хатгалт том эрсдэл

2016-05-13 11:19:14

“2016 он гарсаар хачигт халдварын 178 тохиолдол бүртгэгдэж, 16 нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан” гэх мэдээллийг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс гаргахад олон нийт нэг их анхаарал хандуулсангүй. Харин хачигт халдвараар 55 настай эмэгтэй бурханы оронд очсон талаарх мэдээллийг сонссоны дараа сая “Хачигт халдвар гэж юу вэ”, “Малд байдаг хачиг, хувалзууд хүний аминд хүрэх хор хөнөөл дагуулдаг гэж үү” гэх асуултуудыг тавьж эхэллээ. Гэвч урин дулаан цагтай зэрэгцэн ичээнээсээ гарч ирдэг хачиг гэх амьтны хор хөнөөлийг төдийлөн сайн мэдэхгүй хэвээр...

Дэлхий дээр хачгаар дамжих халдвараар жил бүр хэдэн мянган хүн өвчилж байна. Дулааны улирал эхэлж байгаатай холбоотой ямаа самнах, хонь хяргах, ноос, ноолуур бэлтгэх, ой модонд явахдаа хачигт хазуулах эрсдэл нэмэгддэг. Хачиг нь хэдий жижигхэн ч зөвхөн нэг л хазалтаар аюулт өвчнүүдийг дамжуулдаг. Хачгаар дамждаг 30 гаруй өвчин байдгаас Монголд хачигт риккетсиоз, хачигт энцефалит, хачигт боррелиоз хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ халдварууд хувь хувьдаа маш өндөр аюулыг дагуулдаг. Тэр дундаа хачигт энцефалитийн хувьд төв мэдрэлийн системд нөлөөлж, амь насанд хамгийн ихээр нөлөөлдөг байна. Хачигт энцефалитийн үндсэн дамжуулагч нь ойн хачиг (Ixodes persulcatus) юм. Өвчлөгсдийн 80 хувь (цусаар) энэ вирусаар халдварлагдсан хачигт хазуулах замаар, өвчлөгсдийн 20 хувь нь (хоол боловсруулах замаар) халдвар авсан ямаа, үхрийн дутуу боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэснээс халдвар авдаг байна.

Энэхүү халдварыг хүн авсан бол:

-Толгой хүчтэй өвдөх, өндөр халуурах
-Бие сулрах, ядрах
-Нойр хямрах
-Нүүр ба их биеийн хэсэгт арьс бадайрах
-Сэтгэл санаа өөрчлөгдөн тайван бус болох
-Үе мөч, булчин, ууц нуруугаар шархирч өвдөх
-Олон удаа бөөлжих
-Уналт, саа, саажилт гэх мэт шинж тэмдэг илэрдэг байна.

Хачигт энцефалит ба хачигт боррелиозын хөнгөн, дунд, хүнд аль ч хэлбэрийг орон нутгийн эмнэлэгт эмчлэх боломжтой. Харин хачигт энцефалитийн хүнд хэлбэрийн үед хол тээвэрлэхэд хүндрэх хандлагатай байдаг тул тээвэрлэхгүй байх хэрэгтэй гэнэ.

Харин хачигт боррелиоз, хачигт риккетсиоз халдварууд нь нууц үетэй. Тодруулбал, хачигт дөнгөж хазуулсны дараах 2-32 хоногт биед айхтар өөрчлөлт гарахгүй байх нь бий.  

Хачигт боррелиозийн нууц үе 2-32 хоног, дунджаар 7-10 хоног байна. Боррели хачгийн биед үржин хадгалагдах ба хачиг хүнийг хазаж цус сорох үед цусанд орж халдвар дамжина. Өвчтэй эхээс нян цусаар урагт дамжсан тохиолдол цөөнгүй байдаг. Халдвар хамгааллын дэглэм алдагдвал эмнэлэгийн ажилтнуудад өвчлөх эрсдэл бий. Өвчтэй хүний цус, цусан бүтээгдэхүүнийг хэрэглэхэд халдвар цусаар дамжина.

Энэ төрлийн халдварын шинж тэмдэг:

-Хачиг хазсан газарт цагирган хэлбэртэй улайлт үүсч, цаашид төвдөө цайвар, захаараа улаан, эсвэл ягаан өнгөтэй тууралт гарах
-Халуурах
-Толгой өвдөх
-бие сулрах
-булчин, үе мөчөөр өвдөх зэргээр илэрдэг ажээ.

Хачигт риккетсиоз халдварын хувьд, халууралт, хордлого, анхдагч бүрдэл, тууралт, тунгалагийн булчирхайн үрэвслээр илэрдэг байна. Үндсэн зөөвөрлөгч хачиг нь бэлчээрийн хачиг юм. Энэ төрлийн вирусыг тээгч амьтдад нохой, хулгана, зарим мэрэгчид үхэр, хонь, ямаа, тэмээ, нохой зэрэг орно. Халдварын улирал 3-9 дүгээр сард байдаг. Өвчний нууц үе 3-14 хоног, дунджаар 3-7 хоног байдаг байна.

Л.Роломжав: Хачигт хазуулсан хүн бүр өвчилдөггүй

ЗӨСҮТ-ийн Тархвар судлаач их эмч Л.Роломжав “Монголын мэдээ” сувгийн “Өглөөний мэдээ”-нд Хачигт халдварын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

 

 

 

Манай улсын хувьд хачигт халдварын голомт хойд хөрштэй хил залгаа Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Хэнтий, Дорнод аймагт хамгийн идэвхтэй байдаг. Энэ бүс нутагт амьдардаг хүмүүс нь самар, жимс, эмийн ургамал түүж байгаад ихэвчлэн хачигт хазуулдаг байна. Тиймээс хачигт халдварын голомттой газруудаар явахдаа тод өнгөтэй, битүү хувцас өмсөх, голомттой газар ажиллаж байгаа бол мөн 3-4 цаг тутамд биеэ шалгаж хачиг үргээх бэлдмэл хэрэглэхийг мэргэжлийнхэн анхааруулж байгаа юм.

Гэхдээ хамгийн үр дүнтэй арга бол дархлаажуулалт. Манай оронд Эрүүл мэндийн сайдын 2002 оны 252 тоот “Тархвар судлалын заалтаар нэмэлт дархлаажуулалт хийх тухай” тушаалын дагуу хачигт энцефалитийн дархлаажуулалтыг зохион байгуулдаг. Дархлаажуулалтыг голомтот нутгийн хүн амд товлолын дагуу I тунг 9-11 сард, II тунг 4-5 сард, III тунг 2 дугаар тунгаас хойш 1 жилийн дараа хийдэг бөгөөд гурван жил тутамд давтан нэг тунг дархлаа сэргээх зорилгоор хийлгэх ёстой байдаг аж.

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн тархвар судлаач эмч Б.Амгаланбаярын ярьж байгаагаар дээрх гурван төрлийн халдварын хачигт энцефалит нь л вакцин, ийлдсийн эмчилгээтэй гэнэ. Тодруулбал, хачигт боррелиоз, хачигт риккетсиозид урьдчилан сэргийлэх вакцин байдаггүй аж.

Иргэд аймаг, дүүргийн харьяа өрхийн эмнэлэг болон дүүргийн нэгдэлдээ хандаж вакциныг үнэ төлбөргүй хийлгэж болно. Харин шинжилгээг зөвхөн Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хийнэ. Тэгэхээр харьяа эрүүл мэндийн газар, сум, хөдөө орон нутагт байдаг бол тухайн газартаа шинжилгээгээ өгч, тэрхүү шинжилгээг ЗӨСҮТ-д шинжилдэг ажээ.

Цаг уур ба газарзүйн байрлал, улирлын байдал зэргээс шалтгаалан хачиг нь 4-5 дугаар сарын дунд үед ичээнээс гардаг. Бие гүйцсэн хачгийн идэвхтэй үе нь хавар, зуны улиралд байдаг. Яг одоо хачиг “хэнийг хатгах вэ” гээд анаж байгаа.  Тиймээс хачиг бол жижигхэн амьтан  гэх хэвшмэл ойлголтоо орхиж, хачиг жижиг хатгалтаар том аюулыг авчирдаг гэдгийг ойр дотныхон, гэр бүлийнхэдээ ойлгуулаарай.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Жижиг хатгалт том эрсдэл  
Үзсэн: 7361 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй