“Сүрьеэгээр өвчилсөн иргэдийн бодлого боловсруулагчдад дайх үг” сэдэвт уулзалт өнөөдөр боллоо.
Сүрьеэ эдгэрдэг өвчин. Өвчнийг эмчлэх, халдварыг олон хүнд тараалгахгүйн тулд харин тун нарийн төлөвлөгөө хэрэгтэй болохыг “Сүрьеэгийн тусламж үйлчилгээнд олон нийтээр удирдуулсан хяналтын тогтолцоо (ОНУХ)-г бий болгох” төслийг хэрэгжүүлэгчид онцолж байна.
А.Нямдорж: Сүрьеэгээр оношлогдсон хүмүүсийн өмнө тулгамддаг асуудал нь нийгмийн дэмжлэг

Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэнгийн Тэргүүн, ОНУХ төслийн зохицуулагч А.Нямдорж “2025 онд 2823 хүн шинээр сүрьеэтэй нь оношлогдсон. Хүн амын олонх нь Улаанбаатарт амьдарч байгаа учраас нийслэлд тархалт өндөртэй ч 21 аймгийн хэмжээнд сүрьеэ өвчин оношлогдсоор байна. ДЭМБ-ын тооцооллоор Монгол Улс сүрьеэ болон олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн дарамт өндөртэй 30 орны нэг хэвээр байсаар байгаа юм. Сүрьеэгийн тархалтыг тогтоох үндэсний судалгаагаар жил бүр Монгол Улсад 17 мянга орчим хүн шинээр сүрьеэгээр өвчлөх магадлалтай гэсэн тооцоолол гарсан ч 2024 онд 3002 хүнийг л илрүүлсэн байдаг. ДЭМБ 2030 он гэхэд сүрьеэг тэглэх зорилт тавьсан. Монгол Улс ч гэсэн тэглэхийг зорьж ажиллах ёстой. Ингэхийн тулд зөвхөн эрүүл мэндийн салбар л хичээх ёстой биш юм. Уялдаа холбоотойгоор бусад яам, цаашлаад Засгийн газрын хүчтэй оролцоо, нөлөөгөөр энэ ажил урагшлах ёстой болоод байна. Манай хүрээлэн 2024 оны сүүлээс олон нийтээр удирдуулсан хяналтын тогтолцоо (ОНУХ)-г бий болгох бодлогын төслийг эхлүүлсэн. Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг, Хэнтий, Дархан зэрэг сүрьеэгийн тархалт өндөртэй аймагт хэрэгжүүлж байна. Өвчилсөн, даван туулсан хүмүүсийн санал, үзэл бодол, мэдээллийг цуглуулж, судалгаа хийхэд тусламж үйлчилгээг яг хаана сайжруулах хэрэгтэй байгаа нь тодорхой гарч ирдэг. Бид судалгаагаа ХӨСҮТ, Эрүүл мэндийн яаманд өгдөг” гэлээ.
Сүрьеэгийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн байгууллагууд үзүүлж байгаа ч зарим эмч нарын мэдлэг мэдээлэл хангалтгүй байгаагаас өвчтөн ялгаварлан гадуурхалтад өртөж байгаа нь дээрх судалгаагаар нотлогджээ.
Сүрьеэгээр оношлогдоод эмчлэгдсэн хэдий ч бөөрөө эмчлүүлэх гээд өөр эмнэлэгт очиход эмчлэхээс татгалзсан, “Та сүрьеэтэй юм чинь хамгийн сүүлд орж ир”, “Таныг үзэхгүй” гэхчилэн буцаасан, сүрьеэг зүрхний өвчин гэж оношилж зүрхний эмчилгээ хийснээс болоод цаг алдсан, миний зүрх асуудалтай болсон гэх зэрэг иргэдийн гомдол ч мөн их иржээ.
2026 оны гуравдугаар сарын 6-ны байдлаар 3541 дата мэдээллийг цуглуулж дүн шинжилгээ хийсэн байна.
Сүрьеэгээр оношлогдсон хүмүүсийн өмнө тулгамддаг хамгийн чухал асуудал нь нийгмийн дэмжлэг гэдгийг судлаачид тодотгож байна.
Судалгаанаас харахад, сүрьеэгээр оношлогдсон хүмүүсийн олонх нь эрчүүд байдаг аж. Удаан хугацаанд эмчилгээ хийлгэхэд орлогогүй болж, гэр бүлээ тэжээх чадамжгүй болох тохиолдол цөөнгүй гэнэ. Яг энэ үед таслахгүй уух ёстой эмийн эмчилгээгээ орхиж, хоногийн хоолоо залгуулахаар яваад өгдөг нь эмэнд тэсвэртэй сүрьеэ гаарахад нөлөөлдөг байна. Сүрьеэг эмчлүүлээгүй нэг өвчтөн жилд 10-15 хүнийг өвчлүүлдэг гэсэн судалгаа бий юм.
Сүрьеэгээр оношлогдсон хүмүүсийн 74 хувь нь амьжиргааны түвшин доогуур гэсэн судалгаа мөн байна.
"Дөрвөн хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй сүрьеэгээр оношлогдож, хүүхдүүд нь бас сүрьеэгийн эм уух болжээ. Ээж нь өвдсөнөөс ажил хийх аргагүй болж, энэ өрх хүүхдийн 100 мянга, гурав хүртэлх насны хүүхэдтэй ээжид сар бүр олгодог “Цалинтай ээж”-ийн 50 мянга, сард нийт 450 мянган төгрөгийн орлоготой болсон байна. Түрээсийн байрандаа сард нэг сая төгрөг төлдөг байсан бол чадахаа больж, ажил хийж амьдралаа залгуулдаг ээж нь өвдсөнөөс энэ өрх хүнд байдалд ороод байна. Хүүхдүүдийн аав байдаг ч архины хамааралтай учир гэртээ ирдэггүй бөгөөд халамж авах нөхцөл хуулийн дагуу бүрдээгүй. Ийм иргэдэд төрөөс үзүүлдэг 70 гаруй төрлийн халамжийн аль нь ч үйлчилдэггүй" бодит жишээг дурдаж байлаа. Энэ нь сүрьеэ туссан хүнд нэн тэргүүнд эмчилгээ чухал ч нийгмийн дэмжлэг түүнээс дутахгүй хэрэгтэйг харуулж байгаа юм.
П.Насанжаргал: Сүрьеэгийн халдвар авсан хүн болгон сүрьеэгээр өвчлөхгүй
Хэн ч сүрьеэгээр өвдөж болно. Харин өвдсөн бол эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай болохыг ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны Их эмч П.Насанжаргал зөвлөж байна.

Тэрбээр “Монгол Улсад жилд дунджаар 3000 орчим сүрьеэгийн өвчлөл, 200 орчим нас баралт бүртгэгддэг. Номхон далайн баруун эргийн бүсийн өвчлөл өндөр 30 орны тоонд орсон хэвээрээ байна. Манай орны 3 хүн тутмын нэг нь сүрьеэгийн халдвар авсан байдаг гэсэн тооцоолол бий. Сүрьеэгийн халдвар авсан хүний биеийн дархлаа суларвал сүрьеэгийн өвчлөл үүсдэг. Гэхдээ сүрьеэгийн халдвар авсан 10 тохиолдол байлаа гэхэд нэг нь л сүрьеэгээр өвчлөх магадлалтай. Өөрөөр хэлбэл, сүрьеэгийн халдвар авсан хүн болгон сүрьеэгээр өвчлөхгүй. Сүрьеэ бол амьсгалын замаар халдварладаг халдварт өвчин. Халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчтөн ярих, ханиах, найтаахад орчны агаарыг бохирдуулж байдаг. Олон нийтийн газар явахдаа хүн амны хаалт зүүж, өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчтөн байгаа газар агааржуулалт маш сайн байх ёстой, нарны гэрлийн шууд тусгал тусаж байх хэрэгтэй. Эмнэлэг, нийгмийн асуудал, өвчтөний сэтгэлзүйн асуудлыг цогцоор нь шийдэж байж тухайн өвчтөн амжилттайгаар өвчнөө даван гарах нөхцөл бүрдэнэ. Манай орны хувьд эмнэлгийн тал асуудалгүй гэж би хэлнэ. Тогтолцоо, эм нь байна, мэргэшсэн эмч нар ч байна. Харин нийгмийн асуудал нэлээн хэцүү. Сүрьеэгээр өвчилсөн хүмүүсийн дийлэнх нь амьжиргааны баталгаажих түвшин бага байна. Сэтгэл зүйн дэмжлэг их чухал. Сүүлийн 4-5 жил энэ тал дээр нэлээн анхаарч ажиллаж байна. ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албанд сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг баг ажилладаг. Энэ баг сэтгэлзүйн зөвлөгөө шаардлагатай эмч нарт зөвлөгөө мэдээлэл өгч байдаг. Монгол Улс сүрьеэг үнэ төлбөргүй эмчилж байна. Өвчтөн эмчилгээний баримтлалыг чанд мөрдөж, өдөр болгон эмийн тунг бүрэн авсан тохиолдолд сүрьеэ дахихгүй, бүрэн эмчлэгдэх боломжтой. Харин өвчтөн эмээ 10, 14 хоног тасалвал дахих магадлал илүү өндөр болдог” гэв.
2008 оны үед сүрьеэгийн тохиолдол 5000 орчим бүртгэгддэг байжээ. Тогтвортой буурсаар 2010-н хэдэн оны үед 4000 орчим бүртгэгдэж байсан бол өнөөдөр 3000 хүрэхгүй тохиолдол бүртгэгдэж байна. Үүнийг сүрьеэгийн илрүүлэг муу байна гэж шүүмжлэх нэгэн байхад сүрьеэгийн тусламж үйлчилгээ сайжирсан, оношлогоо, тоног төхөөрөмжийн шинэчлэлтэй холбон тайлбарлах хүмүүс ч байдаг аж.
ДЭМБ-аас зөвлөмж болгож байгаа эмчилгээний шинэ техник, технологийг нэвтрүүлсэн зэрэг асар их үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаагийн үр дүнд сүрьеэгийн өвчлөлийг тодорхой хэмжээнд бууруулж байна гэж харж байгаагаа эмч ярьж байлаа. Үүнийг илэрхийлэх нэг тоон үзүүлэлт нь хүүхдийн сүрьеэгийн тохиолдлын тоо болон сүрьеэгээр нас барж байгаа хүний тоо жилээс жилд буурч байгаа нь гэлээ.
Дархлаа суларсан хэн ч сүрьеэ тусаж болно. Тиймээс ажил, амьдралын зөв дэглэм баримталж, эрт унтаж, чанартай хоол хүнс хэрэглэж, бүтэн нойр авах нь сүрьеэгээс сэргийлэх энгийн алхам юм.
Сүрьеэгээр өвчилсөн хүнд гэр бүл, ажлын газар, найз нөхдийн дэмжлэг хамгийн чухал. Учир нь тухайн өвчтөнийг нийгмээс гадуурхалгүй, эмчилгээг нь гүйцэд хийлгэвэл сүрьеэ эдгэрдэг өвчин гэдгийг мэргэжлийн эмч, судлаачид хэлж байна.
Сүрьеэ өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ
Сүрьеэ нь сүрьеэгийн савханцар хэмээх нянгаар үүсгэгддэг, хүнээс хүнд амьсгалын замаар тархдаг халдварт, бүрэн эдгэрдэг өвчин юм.
ЯМАР ОРЧИНД СҮРЬЕЭГИЙН ХАЛДВАР ТАРХАХ ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ ВЭ
Уг өвчнийг үүсгэдэг савханцар нян нь гадна орчинд маш тэсвэртэй -1-40 хэмд 50-аас дээш жил амьдрах тэсвэртэй, бохир ус, хөрс, харанхуй чийглэг орчин, ил хаясан нус цэрэнд удаан хугацаагаар амьдрах чадвартай аж.
Харин нарны шууд тусгалд нэг цаг, ариутгалын уусмалд таван цагийн дотор устдаг байна.
Сүрьеэгийн халдвар ханиад томууны адил нэг хүнээс нөгөөд амьсгалж буй агаараар дамжин халдварладаг.
Сүрьеэгээр өвчилсөн хүн 15-20 хүнд халдвар тараах эрсдэлтэй бөгөөд ярих, амаа дарахгүй ханиах, найтаах, нус цэр, шүлсээ ил задгай хаяхад уг өвчний нян агаарт цацагдаж түүний ойр орчимд байсан хүмүүс энэхүү агаараар амьсгалснаар халдвар авдаг.
Сүрьеэ өвчний илрэх шинж тэмдгүүд:
Уушги, гуурсан хоолой, гялтангийн хам шинж:
- Архаг ханиалгалт буюу 14 хоногоос дээш хугацаагаар ханиалгах,
- Цэртэй ханиах
- Цустай ханиах
- Цээжээр өвдөх
Хордлогын хам шинж:
- Шалтгаан тодорхойгүйгээр удаан хугацаанд халуурах
- Шөнө хөлрөх
- Хоолны дуршил буурах
- Ядрах, сульдах
- Турах
Сүрьеэгээс урьдчилан сэргийлэх:
Сүрьеэтэй хүн
- Эмчилгээгээ бүрэн төгс хийлгэх
- Эмчийн хяналтад тогтмол байх
- Ханиаж найтаахдаа ам, хамраа дарах, амны хаалт зүүх
- Гэр бүлийн гишүүдээ сүрьеэгийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах.
Эрүүл хүн
- Дархлаагаа сайн байлгах
- Тэжээллэг хоол хүнс хэрэглэх
- Ажил амралтаа зохицуулж ядрахгүй байх
- Өрөө тасалгаандаа байнга агааржуулалт хийх
- Архи тамхи зэрэг хорт зуршлаас татгалзах хэрэгтэй.
СҮРЬЕЭГИЙН ДАЛД ХАЛДВАР ГЭЖ ЮУ ВЭ
Ихэнх хүн сүрьеэгийн нян амьсгалж, халдвар авсан ч тухайн хүний дархлааны хүчээр нянгуудын өсөлт, үржлийг зогсоож чаддаг. Сүрьеэгийн нян идэвхгүй болж, харин тэд бие махбодод амьд хэдий ч унтаа байдалд удаан хугацаанд байх бөгөөд, хэзээ нэгэн цагт идэвхтэй болох чадвартай байдаг. Үүнийг сүрьеэгийн далд халдвар гэж нэрлэдэг.
Сүрьеэгийн далд халдвартай хүнд:
- Ямар нэг шинж тэмдэг илрэхгүй,
- Ямар нэг зовуурь шаналгаа байхгүй,
- Сүрьеэгийн нянг бусдад тараахгүй,
- Ихэвчлэн туберкулины арьсны сорил эерэг байдаг.
Сүрьеэгийн халдварын урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгээгүй тохиолдолд сүрьеэгээр өвчилж болзошгүй байдаг.
Сүрьеэгийн далд халдвартай ихэнх хүмүүс сүрьеэгээр өвчилдөггүй. Халдвар авсан хүн тодорхой эрсдэлт хүчин зүйлс нөлөөлсний улмаас 10 хувь нь сүрьеэгээр өвчилж, 90 хувь нь далд хэлбэрийн сүрьеэгийн халдварыг тээж, амьдралын аль нэг хугацаанд эрсдэлт хүчин зүйл нөлөөлсөн тохиолдолд сүрьеэгээр өвчлөх эрсдэлтэй амьдардаг. Харин зарим хүмүүст, ялангуяа дархлааны систем султай хүмүүст идэвхтэй үржиж, сүрьеэ өвчин үүсгэдэг байна.

| Сүрьеэ эдгэрдэг өвчин | ||
| Үзсэн: 185 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.