Шууд Chart

ӨНӨӨДӨР: Дэлхийн цаг уурын өдөр

2026-03-23 07:51:09

Жил бүрийн гуравдугаар сарын 23-ны өдөр дэлхий даяар Дэлхийн цаг уурын өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдөр нь Дэлхийн цаг уурын байгууллага үүсгэн байгуулагдсан түүхэн өдөр буюу 1950 оны гуравдугаар сарын 23-ны өдрийг дурсах зорилготой юм.

Энэхүү өдөр нь цаг уур, ус зүй, уур амьсгалын шинжлэх ухааны салбарын ач холбогдлыг олон нийтэд таниулах, улс орнуудын цаг уурын байгууллагуудын нийгэмд оруулж буй хувь нэмрийг онцлон харуулахад чиглэдэг.

2026 оны Дэлхийн цаг уурын өдрийг “Өнөөдөр ажиглая, ирээдүйгээ хамгаалъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэхүү уриа нь өнөөдөр хийж буй ажиглалт, хэмжилт, мэдээлэл цуглуулалт нь ирээдүйд хүн төрөлхтнийг байгалийн гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах үндэс болдгийг онцолж байна.


Цаг уурын ажиглалт яагаад чухал вэ

Дэлхий даяар хиймэл дагуул, цаг уурын станц, радар, далайн хөвөгч төхөөрөмж зэрэг олон төрлийн ажиглалтын системээр тасралтгүй мэдээлэл цуглуулдаг.

Эдгээр мэдээлэл нь:

  • Цаг агаарын урьдчилсан мэдээ гаргах
  • Байгалийн гамшгийн эрт сэрэмжлүүлэг өгөх
  • Уур амьсгалын өөрчлөлтийг судлах
  • Хүн ам, эдийн засгийг хамгаалах зэрэг олон чухал шийдвэрийн үндэс болдог байна. 

Өнөөдөр бид гар утас, телевизээр цаг агаарын мэдээг хялбархан авч чаддаг ч үүний цаана дэлхий даяар ажиллаж буй мянга мянган судлаач, ажиглагчдын нөр их хөдөлмөр байдаг юм.


Дэлхий даяар хэрхэн тэмдэглэдэг вэ

Энэ өдрийг дэлхийн улс орнууд сургалт, хэлэлцүүлэг, олон нийтийн арга хэмжээ, шинжлэх ухааны танин мэдэхүйн хөтөлбөр, зохион байгуулж, гэрэл зураг, судалгааны танилцуулга гаргах зэргээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Мөн залуус, судлаачид, иргэдийг цаг уурын ажиглалтад оролцохыг уриалдаг байна.

Дэлхийн цаг уурын өдөр нь зөвхөн цаг агаарын тухай бус, хүн төрөлхтний аюулгүй байдал, ирээдүйн тогтвортой хөгжилтэй шууд холбоотой өдөр юм. Өнөөдөр хийж буй ажиглалт, шинжилгээ бүр маргаашийн эрсдэлийг бууруулах чухал алхам болдгийг энэ өдөр сануулдаг.


ӨНӨӨДӨР: Дэлхийн цаг уурын өдөр  
Үзсэн: 198 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй