Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо буюу 5, 6, 7 буудал орчимд нийт 158 га газарт 8575 айлын орон сууц бүхий анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй явагдаж байна. Сэлбэ хот төслийн эхний ээлжийн 3818 айлын орон сууцыг 2027 оны III улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.
Сэлбэ хотын бүтээн байгуулалтын талбайд өнөөдрийн байдлаар 831 инженер, техникийн ажилтнууд 53 машин механизмтайгаар төлөвлөгөөт ажлуудаа гүйцэтгэж байна. Төсөл хэрэгжих хугацаанд 10 мянга гаруй түр ажлын байр бий болгох юм.
Сэлбэ төсөл нь үндсэн дөрвөн багцад хуваагдан хэрэгжинэ.
Багц 1 төсөл нь 1788 өрхийн орон сууц, 1360 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгтэй байх бөгөөд 2027 оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Нэгдүгээр багцын бэлтгэл ажил 98 хувь, суурь ухлагын ажил 89 хувь, суурь цутгалтын ажил 79 орчим хувьтай явагдаж байна.

Багц II хувьд, нийт 2030 өрхтэй байх бөгөөд 240 хүүхдийн цэцэрлэг, 4 блок 117 айлын 12 давхар орон сууц, 22 блок 71 айлын 9 давхар орон сууц баригдана. Багц хоёрын бэлтгэл ажил 99 орчим хувьтай үргэлжилж байна.
Багц III хувьд, 1260 хүүхдийн сургууль, хоёр объекст бүхий нийт 480 хүүхдийн цэцэрлэг, 37 блок бүхий 71 айлын 9 давхар орон сууц, 2627 айлын орон сууц барихаар төлөвлөгджээ. Харин Багц 4-ийн бэлтгэл ажил 72 хувьтай явагдаж байгаа бөгөөд суурь ухлагын ажил 70 гаруй хувьтай, суурь цутгалтын 68 орчим хувьтай байна.
Тус төслийн хүрээнд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд 47.25 га талбайн 19 хэсэгт үйлчилгээтэй орон сууцны барилга, олон нийтийн барилга, байгууламж, худалдаа, үзвэр үйлчилгээ, өрхийн эмнэлэг, цагдаа, спорт цогцолбор, давхар зогсоол, авто үйлчилгээ зэргийг төлөвлөсөн байна. Мөн нийт талбайнхаа 37 хувьд ногоон байгууламж төлөвлөжээ.

Төслийн гүйцэтгэгчдийн 70-80 орчим хувийг үндэсний буюу дотоодын аж ахуйн нэгжүүд бүрдүүлж буй. Тодруулбал, ерөнхий гүйцэтгэгч найман компани 268 ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулж, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг болон нийслэлийн бусад дүүргийн иргэдийг ажиллах хүчээр татан оролцуулж байна. Төслийг хоёр жилийн хугацаанд бүрэн хэрэгжүүлж, ашиглалтад оруулах юм.
| “Сэлбэ хот 20 минут”-ын төслийн талбайд 831 инженер, техникийн мэргэжилтнүүд ажиллаж байна | ||
| Үзсэн: 122 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.