Америкийн 45 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа АНУ-ын цагаар 20-ны өдрийн 17 цагт болно. Харин энэ цаг нь манай цагаар 21-ний өглөөний 04:00 цагт таарч байгаа юм. 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трамп ёслолын ажиллагаанаасаа өмнөх өдөр буюу өчигдөр нийслэл Вашингтон хотноо хүрэлцэн иржээ.
Тэрбээр Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанаас өмнө хэд хэдэн хүлээн авалт болон уулзалт хийлээ. Вашингтон хотноо ирснийхээ дараа Трамп өөрийн намын гишүүд болон түүний Засгийн газарт нэр дэвшээд байгаа эрхмүүдтэй уулзжээ. Харин үүний дараа тэрбээр дэд Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Майк Пенсийн хамтаар Арлингтон хотын үндэсний оршуулгын газарт очиж, мөргөлдөөнд тулалдаж яваад амь эрсэдсэн АНУ-ын цэргүүдийн бунханд хүндэтгэл үзүүлжээ. Мөн Линколний хөшөөгөөр зочилж, ард иргэддээ хандан үг хэлсэн байна.
Трампын тангараг өргөх ёслолын ажиллагаанд зориулсан бэлтгэл ажлууд үндсэн дуусч бэлэн болжээ. Тэрбээр Конгрессын ордны баруун талд, тусгайлан зассан индрээс ард олондоо хандаж, 35 үг бүхий тангаргийн үгийг хэлэх юм. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд урилгаар 1600 орчим зочид, төлөөлөгчид уригдан оролцох юм. Мөн 250 мянган хүн тангараг өргөх ёслолын гэрч болох боломжтой бөгөөд тэдэнд зориулсан тасалбар худалдаалагдаж дуусчээ.
Тангараг өргөх ёслолын үндсэн арга хэмжээнүүд "Цагаан ордон"-д 20-ны өглөө эхлэх бөгөөд Ерөнхийлөгч тангарагаа өргөсний дараа нийслэл Вашингтон хотноо цэргийн парад болон үдэшлэгүүд зохион байгуулагдснаар өндөрлөх юм. Дональд Трамт тангаргаа өргөснөөр түүний бүрэн эрх хэрэгжиж эхэлнэ.
Харин тэрбээр бүрэн эрх нь хэрэгжиж эхэлмэгц хамгийн эхэнд юу хийх вэ гэдэг олны анхаарлын төвд байна. Дональд Трамп тангаргаа өргөсөн даруйдаа удирдлагын томоохон шийдвэрүүдийг танилцуулахаа мэдэгдээд байгаа юм. Мөн тэрбээр өмнө хэлж байсанчлан хамгийн түрүүнд АНУ-ыг Номхон далай дамнасан чөлөөт худалдааны гэрээнээс гарах ажлыг хийх байх хэмээн ажиглагчид харж байна.
Мөн Обамагийн санаачилсан Эрүүл мэндийн даатгалын хөтөлбөрийг зогсооно гэж хэлж байснаас биелүүлж болох юм. Үүнийг нь олон нийт эсэргүүцэж байгаа ч Конгрессын дээд, доод танхим аль хэдийнэ баталчихаад байгаа.
| Дональд Трамп манай цагаар нэгдүгээр сарын 21-ний 04:00 цагт тангараг өргөнө | ||
| Үзсэн: 759 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.