АНУ есдүгээр сарын 1-нд Ираны Хувьсгалт гвардын хэд хэдэн объектод шинэ цохилт өгч, Иран хариуд нь Йордан, Бахрейн, Ирак дахь АНУ-ын цэргийн байгууламжуудыг пуужин, нисгэгчгүй төхөөрөмжөөр онилжээ. АНУ-ын Төв командлалын мэдээлснээр, цохилтын бай нь Ираны агаарын довтолгооноос хамгаалах систем, радарын байгууламж, тэнгисийн цэргийн объект, мина байрлуулах хүчин чадал болон холбооны байгууламжууд байжээ.
Ираны хэвлэлүүд Ахваз, Жирофт, Чабахар, Бандар-Аббас, Асалуйе болон Кешм арал орчимд дэлбэрэлт болсон талаар мэдээлсэн.
Ормузын хоолойн Сирик орчимд болсон цохилтын үеэр хуримын арга хэмжээнд оролцож байсан таван хүн амиа алдаж, 50 гаруй хүн шархадсан гэж Ираны Улаан хавирган сар мэдээлжээ. АНУ энэ мэдээлэлд одоогоор тайлбар хийгээгүй байна.
Үүний дараа Ираны Хувьсгалт гвард Йордан дахь АНУ-ын бааз руу баллистик пуужин харваснаа мэдэгдэж, олон америк цэрэг амиа алдсан гэж мэдэгдсэн. Харин АНУ-ын албаныхан эхний мэдээллээр хүний амь нас эрсдээгүй гэж Ройтерст мэдэгджээ. Йордан 13 баллистик пуужингийн 10-ыг нь устгасан бол гурван пуужин хүнгүй бүсэд унасан байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираныг дахин хариу цохилт өгөхгүй байхыг анхааруулж, эс бөгөөс илүү хүчтэй ажиллагаа явуулна гэж мэдэгдэв. Харин Ираны тал Ормузын хоолойн хяналтаа сулруулахгүй, Персийн булангаас газрын тос экспортлоход саад учруулж болзошгүй гэдгээ дахин илэрхийлжээ.
| АНУ, Ираны хоорондын цэргийн мөргөлдөөн дахин ширүүсэв | ||
| Үзсэн: 75 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.