Орчлон ертөнцийн үл тайлагдсан нууцыг судлах NASA-гийн “Нэнси Грейс Роман” сансрын дуран наймдугаар сарын 30-нд Флорида дахь Кеннедийн сансрын төвөөс хөөрлөө. 4.3 тэрбум ам.долларын өртөгтэй дуранг SpaceX компанийн Фалкон Хэви пуужингаар сансарт хүргэсэн байна.
Автобусны хэмжээтэй уг дуран Дэлхийгээс 1.6 сая километрийн зайд орших ажиглалтын бүс рүү гурван сар гаруй аялна. Тэнд хүрсний дараа бусад оддыг тойрон эргэлдэх гарагуудыг илрүүлэхээс гадна орчлон ертөнцийн тэлэлтэд нөлөөлдөг хар матери, хар энерги зэрэг өнөө хэр бүрэн тайлагдаагүй үзэгдлийг судална. NASA-гийн тооцоогоор “Роман” дуран хэдэн мянган хэт шинэ од, хэдэн арван мянган гараг, олон тэрбум галактик, хэдэн арван тэрбум одыг ажиглах боломжтой.
“Роман”-ы гол давуу тал нь асар өргөн талбайг маш богино хугацаанд ажиглах чадвар юм. Түүний харах талбай Хаббл сансрын дурангийнхаас 100 гаруй дахин өргөн. Харин өргөн өнцгийн хэт улаан туяаны камер нь Хабблтай ойролцоо мэдрэмжтэй атлаа тэнгэрийг 1000 дахин хурдан зураглах чадвартай. Тухайлбал, “Роман” Сүүн замыг нэг сарын хугацаанд ажиглан цуглуулах хэмжээний мэдээллийг Хаббл дурангаар бүрдүүлэхэд бараг 100 жил шаардлагатай ажээ.
Мөн дуранд одны хурц гэрлийг халхлах тусгай төхөөрөмж суурилуулсан нь тухайн одны ойролцоох бүдэг гарагийг шууд дүрслэх боломжийг нэмэгдүүлнэ. “Роман” өөрөө харь гарагийн амьдрал хайх үндсэн зориулалттай биш ч ирээдүйн дурангуудад Дэлхийтэй төстэй гараг, амьдрал оршин байх боломжтой орчныг судлах замыг нээхээр төлөвлөжээ.
Шинэ дуранг NASA-гийн анхны ерөнхий одон оронч Нэнси Грейс Романы нэрээр нэрлэсэн. Тэрбээр сансарт дуран байрлуулан орчлонг судлах санааг тууштай дэмжиж байсан бөгөөд хожим “Хабблын эх” хэмээн алдаршсан юм. “Роман” нь NASA-гийн эмэгтэй хүний нэрээр нэрлэсэн анхны сансрын дуран болж байна.
| NASA орчлон ертөнцийг судлах шинэ сансрын дурангаа хөөргөлөө | ||
| Үзсэн: 67 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.