Шууд Chart

Сирийн хямралыг зохицуулах олон улсын хэлэлцээр өндөрлөлөө

2017-01-25 13:53:59

Казакстан улсын нийслэл Астана хотноо Сири улсад үүсээд байгаа хямралыг энхийн замаар шийдвэрлэхийн төлөөх олон улсын хэлэлцээр 2 өдрийн турш үргэлжилж өчигдөр өндөрлөлөө. Энэхүү уулзалтад ОХУ, Иран, Туркийн төлөөлөгчид, НҮБ-ийн Сирийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч, Сирийн засгийн газар болон зэвсэгт босогчдын төлөөлөл оролцсон юм.

Энэ удаад хийсэн яриа хэлэлцээ нь тогтворгүй байгаа гал зогсоох дэглэмийг боломжит хугацаагаар сунгах болон өнгөрсөн 4 дүгээр сараас хойш зогссон НҮБ-ийн зуучлалтай энхийн яриа хэлэлцээг дахин сэргээх боломжийг нээлттэй болгох зорилготой байсан юм. Уулзалтын явц зуучлагч 3 орон болох ОХУ, Турк, Ираны төлөөлөгчдийн дунд 3 талт уулзалт болж, талууд бие бие рүүгээ дайрсан шүүмжлэл дунд болж өнгөрсөн хэдий ч хэлэлцээрийн үр дүн нааштай гарчээ. Хэлэлцээрийн төгсгөлд, ОХУ, Иран болон Турк 3 улс хамгийн сүүлийн хэлэлцээрээ хийж, мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдэлд, Сирийн хямралыг энхийн замаар зохицуулахтай холбогдуулж, гал зогсоох дэглэмийг бэхжүүлэх тохиролцоонд хүрсэн байна.

Мөн өнгөрөгч оны 12 дугаар сарын 30-ны өдөр тогтоосон гал зогсоох тухай хэлэлцээрийг дагаж мөрдөж байгаа эсэхийг 3 тал хамтран хянах механизмыг бий болгохоор шийдвэрлэжээ. Сирийн хямралыг зохицуулах энхийн хэлэлцээ өмнө нь хэд хэдэн удаа болж, хамгийн сүүлд өнгөрөгч оны 4 дүгээр сард болсон. Харин энэ удаад болж өнгөрсөн хэлэлцээрийн бас нэг онцлох үйл явдал нь Сирийн засгийн газар зэвсэгт босогчдын төлөөлөлтэй хэлэлцээрийн ширээнд хамт сууж, хэлэлцээр хийсэн анхны тохиолдол болсон юм. Түүнчлэн хэлэлцээрээс гарсан мэдэгдэл нь ирэх сард Женев хотноо хийхээр хүлээгдэж байгаа улс төрийн хэлэлцээр хийхэд чухал үндэс суурь нь боллоо гэж олон улсын ажиглагчид онцолж байна. Сирид сүүлийн 6 жилийн турш үргэлжилж байгаа энэ хугацаанд 300 гаруй мянган хүн дайны хөлд үрэгдэж амиа алдсан бол, 11 сая хүн ороо гэрээ орхиж, дүрвэжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сирийн хямралыг зохицуулах олон улсын хэлэлцээр өндөрлөлөө  
Үзсэн: 949 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй