Өнгөрсөн 2015 оны есдүгээр сараас хууль бус цагаач, дүрвэгсдийн урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор Герман улс хөрш орнуудаас орж ирж байгаа иргэдээс сонгон бичиг баримтыг шалгаж эхэлсэн. Үүний дараагаар Дани, Австри, Швед болон Норвеги улс хилийн ийм хяналт шалгалт хийдэг болсон юм. Тэгвэл Еврокомисс Европын Холбооны зөвлөлд хандаж Шенгений гишүүн энэ таван улсын хилийн хяналт шалгалт хийх хугацааг дахин гурван сараар сунгаж өгөхийг зөвлөмж болгосон байна.
Европын Холбооны цагаачлал, дотоод хэрэг эрхэлсэн дээд комиссар Димитрис Аврамопулос энэ тухай мэдэгдсэн юм. Тэрбээр цагаач, дүрвэгсдийн хямрал одоо ч дуусаагүй байгааг сануулсан. Грект л гэхэд 60 мянган дүрвэгч, цагаач гацчихаад байгаа нь үүний баталгаа гэдгийг тэмдэглэн хэлсэн байна. Гэхдээ Европын Холбооны удирдагчдын ийм байр суурь Герман болон тус холбооны бусад улс орнуудын эрх баригчдын цагаачлалын асуудлаарх бодлогыг шүүмжлэгч олон нийтийн санаа бодлыг бүх нийтийн сонгуулиас нь өмнө эргүүлэх гэсэнтэй нь холбоотой гэж үзэж байгаа нь бас байна.
Жишээ нь, Словениэс сонгогдсон Евродепутат Таня Файон ингэж үзэж байгаагаа илэрхийлсний зэрэгцээ ийм шийдвэр бас өөр сөрөг үр дагавар учруулж болохыг анхааруулж байна. Тодруулбал, Шенгенийг бүрэн сэргээхээ амласан Еврокомисс үүнээс тэс өөр шийдвэр гаргаж байгаатай холбоотойгоор эдийн засгийн хор хохирол амсаж болзошгүй гэж тэрбээр болгоомжлуулж байна.
Гэхдээ цагаачлал, хилийн хяналтын асуудлыг өнөөдрөөс Мальтад эхэлж байгаа Европын Холбооны гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар хэлэлцэх юм байна. Мөн долоо хоногийн дараа Европын Холбооны гишүүн орнуудын төр засгийн тэргүүнүүдийн уулзалтаар хэлэлцэх гол сэдвүүдийн нэг нь энэ байх аж.
| Еврокомисс Шенгений хил дээр хяналт шалгалт хийх хугацааг сунгахыг зөвлөмж болголоо | ||
| Үзсэн: 1392 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.