Өмнөд Солонгосын ерөнхий боловсролын сургуулиудын түүхийн хичээлийн сурах бичгүүдэд дайны үеийн зугаацуулагч эмэгтэйчүүдийн тухай дэлгэрэнгүй оруулах болжээ. Энэ асуудал бол Япон, Солонгос 2 улсын хоорон дахь эмзэг асуудлуудын нэг юм. Гэвч үүнийг хүүхэд багачуудад таниулах зорилгоор сурах бичигт оруулж өгсөнд Японы тал шүүмжлэлтэй хандаж байна.
Өмнөд Солонгосын засгийн газар дунд болон ахлах ангийнхны түүхийн сурах бичигт зугаацуулагч эмэгтэйчүүдийн талаар оруулсан сурах бичгийн шинэ хувилбарыг танилцууллаа. Японы эзлэн түрэмгийллийн үед тус улсын цэргүүдэд хүчирхийлэл, албадлага дор үйлчилж байсан тэдгээр зугаацуулагч эмэгтэйчүүд бол дайны хохирогчид яах аргагүй мөн гэж Өмнөд Солонгосын талаас тайлбарладаг. Япон улс эдгээр эмэгтэйчүүдэд дайны нөхөн төлбөр олгох сан байгуулсан ч тэдний дийлэнх нь өнөөдөр ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.
Мөн Сөүл хотод Японы элчин сайдын яамны гадна зугаацуулагч эмэгтэйчүүдийг дурсах хөшөөг босгосон нь Японы талаас ихээхэн шүүмжлэл дагуулсан ч Өмнөд Солонгосын иргэд болон засгийн газар энэ асуудлаар байр сууриндаа бат зогссоор байна. Энэ удаад дунд болон ахлах сургуулиудын сурах бичигт зугаацуулагч эмэгтэйчүүдийн талаар дэлгэрэнгүй оруулсныгаа ирэх 3 дугаар сараас эхлэн хичээлд ашиглаж эхлэх гэнэ.
| БНСУ түүхийн сурах бичигт дайны үеийн зугаацуулагч эмэгтэйчүүдийн талаар нэмэлт оруулжээ | ||
| Үзсэн: 2833 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.