Румыны нийслэл Бухарест хотод болсон эсэргүүцлийн жагсаал цуглааны үеэр жагсагчид, цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарсан байна. Үүний уршгаар 4 хүн гэмтэж, шархадсан мэдээлэл ирлээ.
Жагсагчид Засгийн газрын ордон руу дайран орохыг завдсаны хариуд цагдаа нар нулимс асгаруулагч хий, бороохой ашигласан байна. Харин үүний хариуд жагсаалд оролцогчид хамгаалалтад гарсан цагдаа нарын зүг шил, чулуу, утаат бөмбөг шидэж байжээ. Энэ тухай Дотоод хэргийн яамны нарийн бичгийн дарга Раид Арафат сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Гэмтэж, шархадсан хүний хоёр нь цагдаагийн ажилтан, хоёр нь жагсаалд оролцогч юм байна. Цагдаа нар жагсаалыг тараахын тулд гал сөнөөх машины усан буу ашиглахад ч бэлэн байгааг тэрбээр мэдэгдэж байсан юм.
Румынд өнгөрсөн сарын 22-ноос эхлэн эсэргүүцлийн жагсаал болж байгаа юм. Засгийн газар Эрүүгийн болоод өршөөл үзүүлэх хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсныг олон нийт эсэргүүцэн жагсах болсон юм. Тэд энэ нэмэлт өөрчлөлтийн тусламжтайгаар авлигад идэгдсэн улс төрчид, аюултай гэмт хэрэгтнүүд суллагдах боломжтой болно гэж болгоомжилж буй юм байна. Харин Румыны Ерөнхий сайд Сорин Гриндяну энэ шийдвэр нь хэт дүүрчихээд байгаа шоронгуудын ачааллыг бууруулна гэж тайлбарласан байна.
Өчигдрийн жагсаалын тухайд нийт 100 гаруй мянган хүн оролцсон гэж зохион байгуулагчид нь мэдээллээ.
| Бухарестад мөргөлдөөн гарснаас болж 4 хүн гэмтэж, шархаджээ | ||
| Үзсэн: 678 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.