АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майкл Пенс тус улсын 69 дэх Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсоны тангарагыг өргүүллээ. Шинэ Төрийн нарийн бичгийн даргын тангараг өргөх энэ ёслол "Цагаан ордон"-д болсон бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мөн оролцсон байна. Үүний өмнө Конгрессын дээд танхим буюу Сенатын танхимын гишүүд Тиллерсоныг Төрийн нарийн бичгийн даргаар томилохыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.
Сенатын гишүүдийн 56 нь түүний томилгоог дэмжсэн санал өгсөн бол 43 нь эсэргүүцсэн санал өгсөн юм. Үүнээс харахад Сенатын танхим дахь Бүгд Найрамдах намынхан л Ерөнхийлөгч Трампын энэ сонголт, томилгоог дэмжсэн байна. Рекс Тиллерсон нь Техасаас гаралтай. Нефть хийн Эксон Мобайл компанийн захирлуудын зөвлөлийн тэргүүнээр 2006 оны нэгдүгээр сарын 1-нээс энэ оны эхний өдөр хүртэл ажиллаж байсан. Ажлын гараа нь ч энэ компаниас эхэлсэн.
2001 оноос дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2004 оноос захирлуудын зөвлөлд орсон. Улс төрд харин хожуу орсонд тооцогддог. Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд хувиасаа болон компаниасаа хандив тусламж өгч ирсэн. Эксон Мобайл компанийн захирлуудын зөвлөлийн даргын хувиар Оросын төрийн тэргүүн Владимир Путинтай хамгийн олон уулзсан хүн гэж тодорхойлогддог. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тангарагаа өргөөгүй байхдаа буюу өнгөрсөн оны 12 дугаар сарын 13-нд анх Тиллерсоны нэрийг Төрийн нарийн бичгийн даргад дэвшүүлж байгаагаа зарласан. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Кондолиза Райс, Батлан хамгаалахын сайд асан Роберт Гейтс нар түүнийг дэмжиж байгаагаа хамгийн түрүүнд илэрхийлж байсан. Харин эсэргүүцэгчдийг Сенатын Гадаад бодлогын асуудал эрхэлсэн хорооны гишүүн Марко Рубио тэргүүлж байсан юм.
| Рекс Тиллерсон АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажилдаа орлоо | ||
| Үзсэн: 709 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.