АНУ-ыг гадаад улс орнуудад төлөөлөх хариуцлагатай албан тушаал болох төрийн нарийн бичгийн даргад Рекс Тиллерсон албан ёсоор томилогдсон. Тэрээр үүрэгт ажилдаа орсон даруйдаа төрийн департамент буюу гадаад харилцааны яамны дотоод нэгдэл чухал болохыг онцлон хэллээ. Мөн Рекс Тиллерсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ихээхэн маргаан дагуулсан, сонгуулийн үр дүн ч хүн бүхэнд ижил тусахгүй байгаа. Гэсэн хэдий ч улс орноо гадаад ертөнцөд төлөөлдөг төрийн департаментын албан хаагчид өөрсдийн хувийн үзэл бодлыг дарж, нэг багаар хамтран ажиллах ёстой гэдгийг сануулсан юм.
Учир нь тус яамны 1000 гаруй дипломатч ерөнхийлөгч Дональд Трампын цагаач, дүрвэгчдийн асуудлаарх шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн гарын үсэг цуглуулсан юм. Ийнхүү дотроо талцан хуваагдсан яамыг нэгтгэх нь төрийн нарийн бичгийн даргын нэн тэргүүний хийх ажил болоод байна. Рекс Тиллерсон нь хэдий улс төрийн туршлагагүй ч бизнесийн салбарт амжилт олсон, дэлхийн улс орнуудын томоохон улс төрчидтэй ойр харилцаа холбоотой гэдгээрээ өөрийн давуу талыг үүсгэж байгаа.
Ялангуяа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай дотно нөхөрлөдөг гэх яриа ч гарсан. Гэхдээ энэ нь АНУ, ОХУ-ын харилцаанд шууд нөлөөлнө гэсэн үг биш болохыг ч ажиглагчид сануулж байна. АНУ-ын шинэ төрийн нарийн бичгийн даргын баримтлах гадаад бодлого Дональд Трампын цагаач, дүрвэгчдийг АНУ-д нэвтрэхийг хориглох шийдвэртэй хэрхэн уялдах бол гэдгийг олон улс анхааралтай ажиглаж байна.
| Рекс Тиллерсон төрийн департаментын дотоод эв нэгдлийг уриаллаа | ||
| Үзсэн: 1019 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.