АНУ-ын батлан хамгаалахын сайд Жеймс Маттис Ази дахь ойрын холбоотнууд болох Өмнөд Солонгос, Япон улсуудад айлчилж байна. Тэрээр айлчлалынхаа үеэр АНУ-ын холбоотнуудтайгаа баримтлах бодлого, цаашдын харилцаа, хамтын ажиллагаа урьдынх шигээ хэвийн үргэлжлэх болно гэдгийг амлалаа.
Батлан хамгаалахын сайд Жеймс Маттис өнөөдөр БНСУ дахь айлчлалаа өндөрлөж, Япон улсад ирэх хуваарьтай байна. Үдээс хойш ерөнхий сайд Шинзо Абэ түүнийг угтан авч уулзах бөгөөд үүний дараагаар Японы батлан хамгаалахын сайд Томоми Инадатай хоёр улсын батлан хамгаалах хүчин, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар хэлэлцэх юм байна. Жеймс Маттис нь АНУ-ын шинэ засаг захиргаа бүрдсэнээс хойш Япон улсад айлчилж байгаа анхны сайд юм.
Японы ерөнхий сайд Шинзо Абэ өчигдөр түүний айлчлалтай холбоотойгоор сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ АНУ-ын батлан хамгаалахын сайдын энэ удаагийн айлчлалын үеэр тус улс Япон дахь Америкийн цэргийн баазын зардалд Японы талаас илүү их анхаарахыг Токиогоос хүсэх байх. Энэ болоод бусад асуудлаар түүнтэй ярилцах болно гэсэн юм. Японы батлан хамгаалах яамны төлөөлөгчийн мэдэгдсэнээр Америкийн засаг солигдсоны дараахан батлан хамгаалахын сайд нь Зүүн Азийн улс оронд, тэр дундаа Японд айлчилж байсан тохиолдол тун ховор.
Иймд Жеймс Маттисын энэ удаагийн айлчлал Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад тун их ач холбогдолтой байх болно гэж мэдэгдсэн юм. Мөн Японы талаас бүс нутагт аюул заналхийлдэг Умард Солонгосын өдөөн хатгасан үйл ажиллагаа болон Зүүн Хятадын тэнгис дэх Хятадын үйл ажиллагааны идэвхжил зэрэгт ихээхэн санаа зовьнож байгаа учир АНУ-тай батлан хамгаалах хүчний хувьд ойр хамтарч ажиллах сонирхол их байна.
Үүнийгээ ч Японы удирдлагууд ил тод илэрхийлж байгаа. Магадгүй Трампын засаг захиргааны үед энэ тал дээр 2 талын хамтын ажиллагаа ойр хэвээр байх ч бүс нутагт аюулгүй байдлыг хангах үүрэг гүйцэтгэж байгаа Америкийн цэргийн зардалд гаргах төсвийг нэмэгдүүлэх тухай Вашингтоны хатуу шаардлагатай нүүр тулж болох юм гэж ажиглагчид харж байна.
| АНУ бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад БНСУ, Япон улстай ойр хамтран ажиллана | ||
| Үзсэн: 905 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.