Шууд Chart

АНУ-ын Беркли хотод оюутнуудын хооронд мөргөлдөөн гарчээ

2017-02-03 14:18:30

Өнөөдөр АНУ-д улам бүр хүчээ авч байгаа үзэл санааны зөрчилдөөн нь оюутнуудын дунд хүчирхийлэл, мөргөлдөөн үүсгэхэд хүрээд байна. Өнгөрсөн лхагва гарагт Беркли дэх Калифорнийн их сургуульд Дональд Трампыг дэмждэг консерватив үзэл санаатай 1500 гаруй оюутан цуглаж, өөрсдийн үзэл санааг илэрхийлэх үеэр хэсэг бүлэг оюутнууд тэднийг эсэргүүцэж, мөргөлдөөн үүсгэсэн байна. Сургуулийн хотхонд болсон энэ үйл явдал хүчирхийлэлд хүрч, цагдаагийнхан нулимс асгаруулагч болон резинэн сумтай буу ашиглаж оюутнуудыг тараажээ.

Энэ үеэр сургуулийн эд хогшил эвдэж сүйдсэн бөгөөд зарим оюутнууд хүнд бэртэл авсан болохыг сургуулийн удирдлагууд мэдээлж байна.  Бүгд найрамдах намыг дэмжигч оюутны холбооноос энэ удаагийн цугларалтыг зохион байгуулсан бөгөөд Дональд Трампыг дэмжигч мэдээний сайтын эрхлэгч үг хэлж, илтгэл тавих үеэр энэ хүчирхийлэл гарчээ. Эсэргүүцэгчдийн хэлж байгаагаар түүний илтгэл ялгаварлан гадуурхалтыг илт дэмжсэн байсан гэж буруутгаж байна. Ямартаа ч, үзэл санааны зөрүүтэй байдлаас дахин ийм хүчирхийлэл гаргахгүйн тулд сургуулийн захиргаа илтгэлийг цуцалсан байна.

Харин үүнийг нь ерөнхийлөгч Дональд Трамп эрс шүүмжиллээ. Тэрээр өөрийн твиттер хуудсандаа хэрвээ Берклигийн их сургууль үзэл санааны хувьд ялгаатай гэмгүй хүмүүст эрх чөлөөтэй үгээ хэлэх боломжийг олгохгүй бол холбооны сангаас олгох төсвийг нь хасч болохыг санууллаа. Беклигийн Калифорнийн их сургууль нь АНУ-ын хамгийн алдартай их сургуулиудын нэг бөгөөд үзэл санааны эрх чөлөөг тунхагладгаараа илүү олонд танигдсан гэж хэлж болох юм. Гэвч энэ удаад энэ эрх чөлөөг боомиллоо гэж бүгд найрамдахчууд шүүмжилж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын Беркли хотод оюутнуудын хооронд мөргөлдөөн гарчээ  
Үзсэн: 1111 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй