Шууд Chart

1953 оны энэ өдөр төмөр зам тавих хэлэлцээр байгуулагджээ

2017-02-08 11:09:42

1953 оны хоёрдугаар сарын 8-ны энэ өдөр Улаанбаатраас Замын Үүд хүртэл төмөр зам тавих Зөвлөлт-Монголын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдаж байжээ. Хэлэлцээрийн үр дүнд 700 гаруй км төмөр зам баригдаж, түүнийг дагасан дагуул өртөөнүүд үүсэхийн зэрэгцээ манай улсын гадаад харилцаа нэг шат ахиж, БНХАУ-тай ган замаар холбогдсон юм.

1850-иад оны үеэс эхтэй Дэлхийн хамгийн дэвшилтэд техник, тээвэр  болж байсан төмөр зам тавих явдал нь Монголын өргөн уудам тал нутагт домог мэт байлаа.

Харин Монгол Улс өөрийн тусгаар тогтнолоо олж авснаар тэр мөрөөдөл биелэлээ олж, тэмээн жин, морин улааг халсан юм. Улмаар дэлхийн хоёрдугаар дайны дараа, 1946 оноос эхлэн Монгол Улсын дэд бүтцийн салбарт шинэ эрин эхэлснээр Наушки-Улаанбаатарын хооронд төмөр зам тавих ажил явагдаж, 1949 оны арваннэгдүгээр сарын 7-нд Улаанбаатарт ирэх анхны галт тэргийг хөдөлмөрчдийн цуглаанаар хүлээж авсан билээ.

1953 оны энэ өдөр Зөвлөлт-Монголын засгийн газрын хооронд УБ-аас Замын-Үүд хүртэлх төмөр замыг барьж байгуулах хэлэлцээр хийгдэж,  хоёр жилийн хугацаанд барьж дуусгажээ.

Улаанбаатар-Замын-Үүдийн төмөр замыг нээх ёслол 1956 оны нэгдүгээр сарын 1-нд Улаанбаатар өртөөнөөс эхэлж, 700 гаруй км урт төмөр замыг хүлээлгэн өгсөн байна.

Энэ өдрөөс эхлэн Амгалан, Хонхор, Баян, Хоолт, Цагаанхяр, Хангай, Мааньт зөрлөг галт тэрэгний хөдөлгөөнд шинээр нээгдсэн юм.   

1958 оноос эхэлж Улаанбаатар-Сүхбаатар, Улаанбаатар-Замын-Үүдийн хооронд орон нутгийн суудлын галт тэрэг, 1959 оноос Бээжин-Москвагийн хооронд олон улсын зорчигчдын галт тэрэг аялах болж, зорчин явагчдын тоо эрс нэмэгдсэн түүхтэй. 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

1953 оны энэ өдөр төмөр зам тавих хэлэлцээр байгуулагджээ   
Үзсэн: 1245 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй