Колумбын Засгийн газар босогчдын бүлэглэл болох Үндэсний чөлөөлөх армийн төлөөлөгчдийн хоорондох энхийн хэлэлцээ Эквадорт эхлээд байна. Сүүлийн гурван жилийн туршид талууд урьдчилсан хэлэлцээ хийсний үр дүнд өнөөдөр албан ёсоор ийнхүү яриа хэлэлцээндээ орлоо.
Колумбын Засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн нь Франц дахь тус улсын Элчин сайдаар ажиллаж байсан, 2010-2013 оны хооронд тус улсын Хөдөө аж ахуйн сайд байсан Хуан Камило Рестрепо юм байна. Харин Үндэсний чөлөөлөх армийн төлөөлөгчдийг төв командлалынх нь гишүүн Пабло Бельтран тэргүүлж байна.
Энхийн яриа хэлэлцээ Эквадорын нийслэл Кито хотоос 30 км-ийн зайтай орших Кашапампа сууринд болж байна. Колумбын Дотоод Хэргийн сайд Хуан Фернандо Кристо Үндэсний чөлөөлөх армийн босогчид хүчирхийллээс татгалзахад бэлэн байгаа гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна. Мөн Засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн Рестрепо босогчдын бүлэглэлийнхэн хүмүүсийг барьцаалдаг практикаасаа татгалзах ёстой. Ийм амлалт үүрэг авахгүй бол энхийн яриа хэлэлцээ хийхэд амаргүй байх болно гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.
Колумбын Засгийн газар болон Үндэсний чөлөөлөх армийн босогчид өнгөрсөн оны гуравдугаар сард энхийн яриа хэлэлцээ эхлүүлэх тохиролцоонд хүрснээ зарлаж байсан юм. Гэвч тус бүлэглэлийнхэн болон харьяанд нь байдаг бүлгийнхэн хүмүүсийг барьцаалах ажиллагаагаа үргэлжлүүлсээр байснаас болж энхийн яриа хэлэлцээг эхлүүлэхээ хойшлуулахад хүрч байсан байна.
Харин өнгөрсөн оны 10 дугаар сард босогчид Засгийн газрын шаардлагыг хүлээн авч хэд хэдэн энгийн иргэнийг барьцаанаасаа суллаж, яриа хэлэлцээг эхлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж байсан юм. Гэвч мөн л босогчид бүх нөхцөл шаардлагыг биелүүлээгүй, Конгрессын гишүүн асан Один Санчесийг суллаагүй учир яриа хэлэлцээ хойшлогдсоор өнөөдрийг хүрсэн байна.
| Колумбын Засгийн газар босогчдын бүлэглэлийнхний энхийн хэлэлцээ эхэллээ | ||
| Үзсэн: 667 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.