Шууд Chart

Энэ өдөр Төр нийгмийн зүтгэлтэн Х.Чойбалсан мэндэлжээ

2017-02-08 14:27:38

Монголын Үндэсний ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг, Зөвлөлт улсад одсон анхны долоогийн нэг, 1921-1939 оны ардын журамт цэргийн дэд жанжин, Бүх цэргийн жанжин, Улсын бага хурлын тэргүүлэгчдийн дарга, Мал, тариалангийн яамны сайд, Дотоод явдлын яамны сайд, Ерөнхий сайдын орлогч, 1939-1952 онд БНМАУ-ын ДЯЯ, ГЯЯ-ны сайд бөгөөд Ерөнхий сайдаар ажиллаж байсан нийгэм төрийн нэр зүтгэлтэн Хорлоогийн Чойбалсан 1895 оны хоёрдугаар сарын 8 буюу энэ өдөр мэндэлжээ.

Тэрээр Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошууны зүүн Суваргачин отгийн хамжлага, малчин эмэгтэй Хорлоогийн гуравдугаар хүү болон мэндэлсэн гэдэг.

Жинхэнэ нэр нь Дугар бөгөөд хийдэд шавилан сууж байхдаа авсан Чойбалсан хэмээх номын нэрээрээ Монголын түүхэнд мөнхрөн үлдсэн юм.

1911 оны хувьсгалын дараа Монгол Улсын гадаад яамнаа байгуулсан "Орос, Монгол хэл бичгийн сургууль"-д суралцан, сурлага, сахилгаараа шалгарч, 1914-1917 онд Эрхүү хотод найман Монгол хүүхдийн хамт суралцаж байв.   

Тэрээр Монголын тусгаар тогтнолын үйл хэрэгт идэвхийлэн зүтгэж, туурга тусгаар Монголоо харь улсаас чөлөөлөх, бие даан оршин тогтнуулахын төлөө журмын нөхдийн хамт зүтгэж явсан нэгэн мөн.

1921 оны наймдугаар сарын 25-нд тэрээр залуучуудын байгууллагыг үүсгэн байгуулалцаж, Эвлэлийн Төв Хорооны анхны даргаар сонгогдож байжээ.

1924 оны намраас 1928 он хүртэл бүх цэргийн жанжин, 1929-1930 онд Улсын Бага Хурлын дарга, 1931 оны эцсээр Мал тариалангийн яамны сайд, 1936 онд Дотоод яамны сайдаар хавсран томилсон нь Сталины зааварчилгаагаар 30 гаруй мянган хүнийг цааш нь харуулахад хүргэсэн хэмээн буруутгадаг. Түүний оронд хэн ч байсан энэ үйлийг үүрэх тавилантай хэмээн түүхчид үнэлдэг юм.

Яг энэ үед Монгол улсын гадаад байдал хурцадсаар 1939 онд Халхын гол орчим БНМАУ болон Япон тулалдахад хүрэв. Энэ байлдаанд Монгол Ардын хувьсгалт цэргийг маршал Х.Чойбалсан ерөнхийлөн командалж, 1940 оны МАХН-ын X их хурал, Улсын VIII Их хурлын бэлтгэлийг сайтар хангаж, улмаар уг хурлуудаас гаргах шийдвэр нь олон түмний урам зоригийг сэргээж чадахуйц байх ёстой гэж үзжээ.

Х.Чойбалсанг Монголыг удирдаж байх хугацаанд БНМАУ 1939, 1945 оны хоёр томоохон дайнд оролцон ялалт байгуулсан, мөн 1945 оны тусгаар тогтнол нь түүнийг тахин шүтэх явдлыг улам лавшруулж, дарангуйлах нэр хүндийг нь өргөжээ.

Х.Чойбалсан их гүрнүүдийн зүгээс бага орны удирдагчид үзүүлдэг дарамт, шахалт бүхий амаргүй хувь тавиланг амссан ч, Монголын тусгаар тогтнолыг тууштай сахин хамгаалах, гадаад бодлогын харьцангуй бие даасан чиг шугам баримтлахыг хичээн оролдож байв. И.В.Сталины мэндэлсний 70 жилийн ойн ёслолын арга хэмжээнд Европ, Азийн орнуудын нам, төрийн удирдагчид бүгд Москвад очиж үнэнчээ харуулахад, Х.Чойбалсан өөрийн биеэр очоогүй байна.

ЗСБН Автономит Тува улсын тэргүүн Салжиг Тогоо Монголд айлчлах үедээ Монголыг ЗХУ-ын бүрэлдэхүүнд орохыг ятгах үг хэлэхэд Чойбалсан ихэд уурлан, алгадсан гэдэг аман яриа тархсан байдаг. 1950 онд Монголын хэдэн сэхээтэн улс орныхоо хөгжлийг түргэтгэх гол арга зам бол ЗХУ-ын бүрэлдэхүүнд даруй орох явдал хэмээх санал өргөхөд тэрбээр мөн асар дургүйцэн, тэднийг зэмлэж байсан баримт мөн бий.

“Монголын бүх ард түмний дотны хайрт жолоодогч", "Хайрт эцэг" хэмээн өргөмжлөгдөж байсан Монголын төрийн зүтгэлтэн Х.Чойбалсан 1952 оны нэгдүгээр сарын 26-нд таалал төгсчээ.

Маршал Чойбалсан Нэргүй, Сувдаа хэмээх өргөмөл хүү, охин хоёртой байсан гэх ба хожим нь хүү Нэргүй нь өөрийнх нь дүрийг кинонд бүтээсэн бөгөөд аавтайгаа усан дусал шиг адилхан байсан гэлцдэг.

Ийнхүү Монголын тусгаар тогтнолын төлөө нэгэн биеийг золиж, түүхийн алдаа оноог өөрийн биедээ үүрч, ХХ зууны туурга тусгаар Монголын түүхэнд арилшгүй мөрөө үлдээсэн Монгол төрийн зүтгэлтэн бол Хорлоогийн Чойбалсан байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Энэ өдөр Төр нийгмийн зүтгэлтэн Х.Чойбалсан мэндэлжээ  
Үзсэн: 2693 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй