Румыны парламентад Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлаарх санал хураалт боллоо. Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулахын тулд 233 гишүүний санал хэрэгтэй байсан юм. Гэвч Засгийн газрыг эсэргүүцэгч гишүүд 161 болсон байна.
Засгийн газарт итгэл хүлээлгэх эсэх асуудлаарх санал хураалтыг санаачлагчид нь Румыны сөрөг хүчин болох Үндэсний либерал нам, Румыныг аврая холбооныхон байсан юм. Сөрөг хүчнийхэн Засгийн газраас санаачилсан өршөөлийн хуулийг эсэргүүцсэн олны өргөн жагсаал цуглаан тус улсад болж байгаатай холбоотойгоор ийм санал хураалт явуулах санал гаргасан юм.
Эрх баригчдын санаачилсан өршөөлийн хууль батлагдвал авлигачид олноороо шоронгоос суллагдах болно гэж ард иргэд үзэн эсэргүүцсэн юм. Эсэргүүцлийн энэ арга хэмжээнүүд нь сүүлийн 20 гаруй жилийн түүхэнд хамгийн олон хүн оролцсон жагсаалд тооцогдох болсон юм.
Румыны Ерөнхий сайд Сорин Гриндяну тэргүүтэй Засгийн газар 2016 оны 12 дугаар сарын 11-нд болсон парламентын сонгуулийн үр дүнгээр энэ оны эхээр эмхлэн байгуулагдсан юм. Тус улсын Ерөнхий сайд парламент дахь санал хураалтын дараа гишүүдэд хандаж хэлсэн үгэндээ Румыны хөгжил цэцэглэлтийг хангах төсвийг амжилттай батлуулснаа дурдаад иргэдийн олонхийн итгэл хүлээлгэсэн хөтөлбөрүүдээ шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэхээ амласан байна.
| Румыны парламент Засгийн газартаа итгэл хүлээлгэлээ | ||
| Үзсэн: 572 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.