Шууд Chart

Их Британийн парламентын доод танхим "Брексит"-ийн хуулийг дэмжин баталлаа

2017-02-09 13:17:06

Их Британийн парламентын доод танхим гурав дахь хэлэлцүүлгээрээ Европын Холбооны эгнээнээс улс орноо гаргах Лиссабоны гэрээний  50-р заалтыг хэрэгжүүлж эхлэхийг дэмжлээ. Европын Холбооноос  Их Британи улсыг  гаргах  тухай Засгийн газраас санаачилсан хуулийн төслийг парламентын  нийтийн танхимын 494 гишүүн дэмжсэн байна. Харин 122 гишүүн эсэргүүцсэн санал өгчээ.

Гэхдээ санал хураалтаас өмнө гишүүд хэд хэдэн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцсэн байна. Тухайлбал, Брексит үйл  явцын дараагаар Европын Холбооны  иргэдэд  Их Британийн нутаг дэвсгэрт үлдэх зөвшөөрөл олгох тухай өөрчлөлт үүнд багтаж байлаа. Гэвч Засгийн газраас боловсруулсан хуулийн  төсөлд нэг ч нэмэлт өөрчлөлт оруулаагүй байна. 

Одоо Брекситийн хуулийн төслийг Парламентын дээд танхим буюу Лордуудын танхимаар хэлэлцүүлж батлуулах үлдээд байна. Гэхдээ ирэх гуравдугаар сарын эхээр товлогдсон Европын Холбооны  дээд уулзалтаас өмнө Их Британийн парламентын дээд танхимаар батлагдчих байх гэсэн хүлээлт байна. 

Нэгэнт хоёр танхим баталчихвал Ерөнхий сайд Тереза Мэй Европын Холбооноос улс орноо гаргах үйл явцыг албан ёсоор эхлүүлэх эрхтэй болох юм.  Их Британийн дээд шүүх Засгийн газар Брюссельтэй яриа хэлэлцээ хийхийн тулд хууль тогтоогчдын зөвшөөрлийг авах ёстой гэсэн шийдвэрийг гаргасны дараа хуулийн төслийг парламентад өргөн барьсан юм. 

Их Британид өнгөрсөн 2016 оны зургаадугаар сард бүх нийтийн санал хураалт болсон бөгөөд саналаа өгсөн иргэдийн 51.9 хувь нь улс орноо Европын Холбооноос  гаргахыг дэмжиж байгаагаа илэрхийлснээр энэ бүх үйл явц эхэлсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Их Британийн парламентын доод танхим "Брексит"-ийн хуулийг дэмжин баталлаа   
Үзсэн: 1000 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй