Японы ерөнхий сайд Шинзо Абэ Вашингтонд ирээд байна. Тэрээр ерөнхийлөгч Дональд Трампыг тангаргаа өргөснөөс хойш анх удаагаа төрийн айлчлал хийж байгаа нь энэ юм. Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй-ийн дараагаар АНУ-ын шинэ төрийн тэргүүнтэй биечлэн уулзаж байгаа хоёр дахь төрийн тэргүүнээр нэрлэгдэж байгаа Японы ерөнхий сайд Шинзо Абэ 2 улсын холбоотны харилцааны ач холбогдлыг бататгах, цаашид улам бүр бэхжүүлэх зорилгоор энэ удаагийн айлчлалаа хийж байна.
Мөн түүний айлчлалын гол зорилго бол АНУ, Япон хамтдаа Ази Номхон далайн бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг хангах явдал юм. Үүний хүрээнд Япон, АНУ-ын хоооронд байгуулсан аюулгүй байдлын гэрээний 5 дугаар заалтын дагуу Зүүн Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаантай бүс болох Сэнкаку хэмээх бүлэг арлыг хамгаалах АНУ-ын байр суурийг дахин бататгахыг хүсч байгаагаа Шинзо Абэ илэрхийлсэн байна. Түүний айлчлалын хөтөлбөрийн тэргүүн эгнээнд эдийн засгийн хамтын ажиллагааны тухай асуудал багтажээ.
Тэр дундаа Японы эдийн засгийн нэрийн хуудас болсон автомашин үйлдвэрлэлийн салбарт 2 тал хэрхэн ашигтайгаар хамтарч болох талаар санал бодлоо солилцох юм байна. Мөн АНУ-д ажлын байрыг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын төслийг санал болгохоор төлөвлөж байгааг Японы засгийн газрын ажлын хэсгээс мэдээллээ. Ерөнхийлөгч Дональд Трамп үүрэгт ажилдаа орсон даруйдаа ерөнхий сайд Шинзо Абэгийн ятгалгыг сонсолгүйгээр Ази Номхон Далай дамнасан түншлэлийн гэрээнээс гарсан хэдий ч 2 улсын худалдааны гэрээ хэлэлцээрүүдийг нэмэгдүүлэх боломжийг Японы талаас эрэлхийлж байна. Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр Японы ерөнхий сайд Шинзо Абэг хүлээн авч уулзсаныхаа дараагаар хамтарсан хэвлэлийн бага хурал хийх юм.
| Японы ерөнхий сайд Вашингтонд ирээд байна | ||
| Үзсэн: 909 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.