Өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнө 2017 оны хамгийн эхний бүтэн сар хиртэлт боллоо. Тодруулбал, манай цагаар 11-ны үүрийн 4 цаг 30 минутын орчимд сар хиртэлт эхэлж, харин оргил үе нь буюу бүтэн хиртэлт 5 цаг 43 минутад ажиглагдаж, ойролцоогоор нийт 1 цаг 30 гаран минут үргэлжилжээ.
Энэхүү байгалийн ховор үзэгдэл Европ, Африк, Баруун Ази, Хойд болон Зүүн өмнөд Африкийн орнуудад тодорхой ажиглагдсан гэж НАСА-гаас мэдээлж байна. Энэ удаагийн бүтэн сар хиртэлтийн 35 орчим хувь нь бүрэнхий байдалтай ажиглагджээ. Ер нь сар хиртэлт 1 жилийн хугацаанд 1-ээс 2 удаа тохиолддог бөгөөд энэ удаагийн бүтэн сар хиртэлт энэ оны хамгийн эхний хиртэлт байлаа. Харин 2 дахь хиртэлт ирэх 8 дугаар сарын 7-нд болох тооцоо гарчээ. Мөн 2018 онд ч сар 2 удаа хиртэнэ гэж Оросын сансар судлалын хүрээлэнгээс мэдээлж байна. Сар дэлхийн сүүдэрт орох үзэгдлийг сар хиртэлт гэдэг. Сар хиртэлт болох нөхцөл нь мөн л нар, дэлхий, сар гурав шулуун орших явдал юм.
Сар дэлхийн сүүдэрт орж ирэхэд сарны гадаргуу дээр бараан сүүдрэн зурвас гүйж харагддаг. Энэ сүүдрийг дэлхийн агаар мандалд сарнисан, хугарсан нарны цацраг гэрэлтүүлж өгдөг учраас харьцангуй тод ялгаран харагддаг байна. Дэлхий дээр нарны гэрэл тусахад эсрэг талд нь дэлхийн сүүдэр үүснэ. Нарны диаметр дэлхийгээс их учраас дэлхийн сүүдэр алгуур нарийссан конус хэлбэртэй байна. Дэлхийн сүүдрийн конус сарны сүүдрийн конусаас урт байх бөгөөд сарны зам дээрх дэлхийн сүүдрийн диаметр сарны диаметрээс 2.5 дахин их юм. Сар дэлхийг тойрон эргэх замдаа дэлхийн сүүдэр дотор орвол сар хиртэх үзэгдэл ажиглагдана.
Хиртэлт дэлхийн шөнө болж буй хагас бөмбөрцөгт ажиглагдах ба энэ хагас бөмбөрцөгт физикийн нэг агшинд эхэлж нэг агшинд төгсөнө. Энэ агшин нь нутгийн цагаар бол дэлхий дээрх цэг бүрт өөр өөр байна. Энэ нь нутгийн газарзүйн уртрагаас хамаарна. Хэрэв Сар дэлхийн сүүдэрт бүтнээрээ орвол сарны бүтэн хиртэлт болно. Дэлхийн сүүдэрт сарны зөвхөн хэсэг нь орвол сарны хэсгийн хиртэлт ажиглагдана. Сарны зам дээрх дэлхийн сүүдрийн диаметр сарны диаметрээс 2.8 дахин их байх ч тохиолдол байдаг байна.
| Хоёрдугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө бүтэн сар хиртжээ | ||
| Үзсэн: 1499 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.