Умард Солонгос дундын зайн тусгалтай баллистик пуужингаа амжилттай туршсан болохоо мэдэгдлээ. Энэ пуужин нь цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадамжтай бөгөөд Умард Солонгос энэ үйлдлээрээ АНУ болоод Японд сануулга өгч байна гэж барууны ажиглагчид тэмдэглэж байна.
Орон нутгийн цагаар ням гарагийн өглөө 7 цаг 55 минутын үед Пангон дахь нисэх хүчний баазаас хөөргөсөн газар-газар ангиллын дундын зайн тусгалтай Пукгуксон-2 пуужин нь 500 км замыг туулж, Япон тэнгист унасан байна. Энэ ажиллагааг залуу удирдагч Ки Чен Ун өөрийн биеэр удирдаж, зааварчилгаа өгчээ. Тэрээр энэ туршилт амжилттай болсонд сэтгэл хангалуун байгаа тухай тус улсын төв хэвлэл уламжилж байна. Умардын энэ үйлдэл хөрш зэргэлдээ орнууд болох Өмнөд Солонгос, Японыг ихэд түгшээж байгаа бөгөөд энэ бол маш том өдөөн хатгасан үйл ажиллагаа гэж үзэж байгаагаа илэрхийлцгээж байна. Японы ерөнхий сайд Шинзо Абэ АНУ-д айлчилж байх үеэр ийм туршилт болсон нь нэг талаар Япон, АНУ хоёрт өгч байгаа сануулга ч гэж зарим ажиглагчид үзэж байгаа.
Учир нь Дональд Трамп “АНУ Японы ард 100 хувь зогсох болно” гэж амласан нь Умардын эгдүүцлийг хүргэсэн байх талтай гэж таамаглаж байна. Энэ удаад хөөргөсөн Пукгуксон-2 гэх пуужин нь цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадамжтай, стратегийн зэвсгийн шинэ загвар бөгөөд хатуу түлшээр цэнэглэгддэг маш хүчтэй хөдөлгүүртэй юм. Гэвч, энэ удаад Японы газар нутаг дээр унагахгүйн тулд богино зайг туулахаар программчилсан байна гэж мэргэжилтнүүд тэмдэглэж байна. Одоогийн байдлаар Умард Солонгосын ээлжит туршилтыг АНУ, Европын Холбоо, Япон, Өмнөд Солонгос тэргүүтэй улс орнууд хурцаар шүүмжилж байгаа ч хариу ямар арга хэмжээ авах талаар тодорхой мэдээлэл алга байна.
| Умард Солонгос ээлжит баллистик пуужингаа амжилттай туршлаа | ||
| Үзсэн: 661 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.