АНУ хар тамхины наймаатай холбоотой хэргээр сэжиглэн Венесуэлийн дэд Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Тарек Эль Айссамигийн нэрийг хориг арга хэмжээний жагсаалтад орууллаа. Энэ тухай АНУ-ын Сангийн яамнаас мэдээлсэн юм. Эль Айссамигаас гадна Венесуэлийн өөр нэг иргэн, 13 аж ахуйн нэгж, агаарын хөлөг онгоцын нэрийг хориг арга хэмжээний жагсаалтдаа оруулжээ.
Аж ахуйн нэгжүүдийнх тав нь Венесуэлд бүртгэлтэй бол агаарын хөлөг нь АНУ-д бүртгэлтэй юм байна. АНУ-ын засаг захиргааны албан ёсны төлөөлөгч хориг арга хэмжээний энэхүү жагсаалт нь улс төр, эдийн засаг, дипломат дохио сануулга биш. Харин хууль бус хар тамхины наймаатай тэмцэхэд чиглэгдсэн арга хэмжээ гэдгийг онцлон мэдэгдсэн байна.
Энэхүү жагсаалтад нэр нь багтсан Венесуэлийн дэд Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийг тус улсаас олон орон руу түүний дотор Мексик, АНУ руу мянга гаруй кг хар тамхи хууль бусаар гаргасанд буруутай гэж сэжиглэж байгаа юм. Түүнчлэн түүнийг Венесуэл дэх хар тамхины бусад наймаачдын үйл ажиллагааг зохицуулагч гэж үздэг байна.
Харин хоригийн жагсаалтад багтаасан Самарк Лопес нь Эль Айссамигийн хамсаатан бөгөөд түүнд санхүүгийн асуудлаар тусламж дэмжлэг үзүүлдэг юм байна. Лопес нь Венесуэлд ямар нэгэн албан тушаал хашдаггүй, улс төрийн амьдралтай нь ч холбоогүйг Америкийн засаг захиргааны төлөөлөгч онцлон мэдэгдсэн байна.
Америкийн хууль тогтоогчид Ерөнхийлөгч Дональд Трампад хандаж илгээсэн захидалдаа авлигатай холбоотой, хүний эрхийг зөрчсөн Венесуэлийн Засгийн газрын албан тушаатнуудын эсрэг хориг арга хэмжээ авахыг уриалсан байсан юм. Мөн Эль Айссами Ойрхи Дорнодын террористууд, хар тамхины наймаачдад дэмжлэг үзүүлдэг эсэхийг мөрдөн шалгах зөвшөөрлийг холбогдох албаныхандаа үүрэг болгохыг уриалж байсан юм.
Энэ хооронд Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро дэд Ерөнхийлөгч Эль Айссамигийн бүрэн эрхийг өргөжүүлэх шийдвэр гаргасан. Түүнд нийт 15 бүрэн эрхийг шилжүүлэн өгсний дотор яамдын төсвийг хуваарилах, стратегийн салбаруудыг татвараас чөлөөх, аж ахуйн нэгжүүдийн захирлуудын зөвлөлийн гишүүдийг томилох зэрэг үүрэг хүлээлгэсэн юм.
| АНУ хориг арга хэмжээний жагсаалтад Венесуэлийн 2 иргэн, 13 ААН-ийн нэрийг орууллаа | ||
| Үзсэн: 971 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.