Их Британийн засгийн газар АНУ-ын Ерөнхийлөгчийн тус улсад хийх айлчлалыг цуцлах өргөх бичгийг дэмжсэнгүй. Энэхүү өргөх бичигт 1 сая 850 мянган хүн гарын үсгээ зурсан ч тэдний шаардлагыг хүлээн авахгүй гэдгээ Их Британийн засгийн газар албан ёсны сайтаараа дамжуулан мэдэгджээ. Мөн Их Британийн гадаад хэргийн яамнаас энэ тухай мэдэгдсэн байна. Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй өнгөрсөн нэгдүгээр сарын 27-нд АНУ-д айлчлах үеэрээ хатан хаан Елизабетийн нэрийн өмнөөс тус улсад төрийн айлчлал хийхийг урьсан юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ хүсэлтийг нь хүлээн авч байгаагаа мэдэгдсэн.
Энэ нь АНУ, Их Британийн харилцааны онцгой чухлыг баталсан хэмээн Их Британийн гадаад хэргийн яамны мэдэгдэлд тэмдэглэсэн байна. Одоогоор АНУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын тов тодорхойгүй байна. Лондоны цагдаагийн газрын удирдлагууд ирэх 6 дугаар сард байх хэмээн таамаглаж байгаагаа илэрхийлсэн. Харин Ерөнхий сайд Тереза Мэй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг урьсаны дараахнаас энэ айлчлалыг цуцлахыг уриалсан хөдөлгөөн тус улсад өрнөж өргөх бичигт эсэргүүцэгчдийн гарын үсэг цуглуулж эхэлсэн юм.
Их Британид өргөх бичгийг судалж үзэх механизм бий. 10 мянгаас дээш хүн гарын үсэг зурсан байвал засгийн газар заавал албан хариу өгөх үүрэгтэй байдаг байна. Мөн 100 мянгаас дээш гарын үсэг цуглуулсан өргөх бичгийг Парламентаар хэлэлцэх ёстой. Тиймээс ирэх 20-нд Трампын айлчлалыг цуцлахыг шаардсан өргөх бичигтэй холбоотой асуудлыг парламентаар хэлэлцэх юм байна.
| АНУ-ын ерөнхийлөгчийн айлчлалыг цуцлахыг хүссэн өргөх бичиг дэмжигдсэнгүй | ||
| Үзсэн: 681 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.