"Самсунг" корпорацийн өв залгамжлагч Ли Жэёныг баривчлах эсэхийг шийдвэрлэх шүүх хурал өнөөдөр Сөүлийн төвийн дүүргийн шүүхэд эхлэх гэж байна.
Ерөнхийлөгч Пак Гын Хэтэй холбогдох авлигын хэргийг мөрдөн шалгаж байгаа тусгай прокурорынхон Ли Жэёныг баривчлах хүсэлтээ өнгөрсөн мягмар гарагт шүүхэд гаргасны дагуу өнөөдөр түүний асуудлыг хэлэлцэх гэж байна. Өнгөрсөн сард ч мөн прокурорынхон түүнийг баривчлах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээн аваагүй.
Харин энэ удаад хэрэгтэй холбогдох нэмэлт нотлох баримтууд олсон тул баривчлах хүсэлтийг дахин гаргаад байна. "Самсунг"-ийн гүйцэтгэх захирал Ли Жэён нь Чой Сун Силийн байгуулсан хоёр төрийн бус байгууллагад хэдэн тэрбум вонын мөнгө хандивласан бөгөөд энэ мөнгө тус улсын урлаг, спортынхныг дэмжихэд зарцуулагдсан гэж байгаа ч 2015 онд "Самсунг"-ийн охин компаниудыг нэгтгэх үйл явцыг засаг захиргаанаас зөвшөөрүүлэхийн тулд ийм их хэмжээний мөнгийг өгсөн гэж сэрдэгдэж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, ажлаа бүтээлгэхийн тулд эрх баригчдад авлига өгсөн байж болзошгүй гэж тусгай прокурорынхон үзэж байна. Энэ хэргийг мөрдөн шалгах ажил нь Ерөнхийлөгч Пак Гын Хэг огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэх шүүх хуралд чухал нөлөөтэй юм байна.
Мөн энэ хэрэгтэй холбоотойгоор Өмнөд Солонгосын прокурорынхон томоохон корпорациудын эрх баригчидтай холбогдсон авлига, хээл хахуулийн сүлжээг таслан зогсоохыг зорьж байна гэж ажиглагчид үзэж байна.
| "Самсунг"-ийн өв залгамжлагчийг баривчлах эсэх нь өнөөдөр шийдэгдэнэ | ||
| Үзсэн: 531 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.