Орон нутгийн цагаар өчигдөр өглөөний 9 цагийн орчимд, Энэтхэг улсын зүүн нутагт орших Шрихарикота сансар судлалын төв нэг удаагийн хөөргөлтөөрөө 104 хиймэл дагуулыг нэг дор хөөргөж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Үүнээс өмнө ОХУ өнгөрөгч 2014 онд нийт 37 хиймэл дагуулыг хөөргөж байжээ. Нийтдээ 714 кг орчим том, жижиг оврын хиймэл дагуулыг, хиймэл дагуул хөөргөх зориулалттай нэг пуужингийн тусламжтайгаар амжилттай хөөргөж чаджээ.
104 хиймэл дагуулын 96-г нь АНУ-ын компаниас авсан бол Энэтхэг улс 3, үлдсэнийг Израйл, Казакстан, Нидерланд, Швейцарь болон Арабын нэгдсэн Эмирт улсуудаас авсан хиймэл дагуул байгаа юм байна. Энэтхэгийн сансар судлалын агентлаг нь Азидаа томоохонд тооцогддог. Нэг дор ийм олон хиймэл дагуул хөөргөсөн нь Энэтхэгийн сансар судлал нь зөвхөн Азид төдийгүй дэлхийн сансар судлалын зах зээлд томоохон байр суурь эзэлж байгааг харуулж байна гэж олон улсын шинжээчид тайлбарлаж байна.
Хиймэл дагуулууд бүгд пуужингаас амжилттай салж, дэлхийн тойрог замд орсон талаар агентлагийн мэргэжилтэн мэдэгджээ. Энэ удаад хөөргөсөн Энэтхэгийн зураг зүйн хиймэл дагуул нь маш өндөр нарийвчлалттай зураг авч чадах бөгөөд үүнийг Пакистан болон Хятад зэрэг өрсөлдөгчдөө ажиглаж, хяналт тавихад ашиглах ажээ.
| Энэтхэг улс нэг пуужингийн тусламжтайгаар 104 хиймэл дагуул хөөргөлөө | ||
| Үзсэн: 609 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.