Францын хойд нутгийн Компень хотод тус улсын дараагийн Ерөнхийлөгчөөр сонгогдох өндөр магадлалтай гэгдэж байгаа Франсуа Фийоны эсрэг жагсаал болжээ. Жагсаалд 3000-4000 орчим хүн оролцсон бөгөөд тэд “Фийоныг шоронд хий” гэж шаардсан байна.
Францын олон нийт ийнхүү нэр дэвшигч Фийоны эсрэг дуу хоолойгоо нэгтгэх болсон нь авлигын хэрэгтэй нь холбоотой юм. Тодруулбал, тэрбээр өнгөрсөн хугацаанд өөрийн эхнэр болон хүүхдүүдээ огт байхгүй албан тушаалд томилж, цалин олгож байсан нь нотлогдсон. Хэдий тэрээр эхнэр, хүүхдээсээ тусламж авсан учир ажлын хөлсийг нь төлсөн хэрэг гэж тайлбарлаж байгаа ч сөрөг хүчнийхэн үүнийг төсвийн мөнгийг хувьдаа завшсан хэрэг гэж үзэж байгаа юм.
Энэ удаад зохион байгуулагдсан жагсаал Франсуо Фийоны лхагва гарагт хийсэн мэдэгдэлтэй холбоотой гэж ажиглагчид тайлбарлаж байна. Тэрбээр өчигдөр Компень хотын цагдаа, аюулгүйн албаныхантай уулзсаны дараагаар сэтгүүлчдэд өгсөн мэдэгдэлдээ хотын захын дүүргүүдэд эмх замбараагүй байдал, хүчирхийлэл, гэмт хэрэг үйлдэж байгаа 16, 17 насныхныг насанд хүрэгчдийн адил шийтгэхийг хүсч байгаагаа илэрхийлжээ.
Тэрбээр хууль хохирогчдын талд биш, гэмт хэрэг үйлдэж байгаа өсвөр насныхны талд үйлчилж байгааг зэмлэн буруушаасан байна. Түүний энэ мэдэгдэл хотын иргэдэд таалагдаагүй учир ийнхүү жагсахад хүргэсэн байж болзошгүй аж. Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны өрсөлдөөн ирэх дөрөвдүгээр сард болно.
Энэ шатнаас хоёр нэр дэвшигч ялалт байгуулж, дараагийн шатанд өрсөлдөх эрхтэй болох юм. Франсуо Фийоны нэр ялалт байгуулах хоёр хүний нэгээр нэрлэгдэж байсан ч түүний санхүүгийн хэрэгтэй холбоотой шуугиан олон нийтийн дундах нэр хүндийг нь унагаад байна. Иймд намын зарим нөхөд нь ч түүнээс нүүрээ буруулж, өөр хүний нэрийг дэвшүүлэх саналаа ч илэрхийлээд байгаа юм.
| Францын Компень хотод Франсуа Фийоныг эсэргүүцэн жагслаа | ||
| Үзсэн: 779 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.