АНУ-ын Хүрээлэн буй орчныг хамгаалах асуудал эрхэлсэн агентлагийн даргаар сонгогдсон Скотт Прюитт тангарагаа өргөлөө. Тэрбээр хэл ам дагуулсан ч албан тушаалынхаа томилгоог Сенатаар батлуулж чадсан байна.
Сенатын гишүүдийн 52 буюу дийлэнхийх нь дэмжлэгийг олж чадсанаар ийнхүү албан тушаалаа батлуулжээ. Хүрээлэн буй орчныг хамгаалах асуудал эрхэлсэн агентлагийн даргын энэ томилгоо Дональд Трампын сонголтууд дундаас хамгийн их асуудал дагуулсан нь байлаа гэж хэвлэлүүд онцолж байна.

Учир нь Скотт Прюитт нь газрын тос, эрчим хүчний компаниудтай ойр харилцаа холбоотой бөгөөд магадгүй, албан тушаалдаа орсон даруйдаа хүрээлэн буй орчинд хамгийн халтай эдгээр компанид тавих хяналт шаардлагыг сулруулж болзошгүй гэж байгаль хамгаалагчид санаа зовниж байна.
Тэрбээр Сенатын сонсголын үеэр дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт явагдаж байгаа гэдэг нь худлаа гэх Ерөнхийлөгч Трампын үгтэй санал нийлэхгүй байгаагаа мэдэгдсэн байна. Гэвч тэрбээр өмнө нь дэлхийн дулаарал явагдаж байгааг гэрчлэх баримтуудад эргэлзэж байна гэж хэлснийг нь хэвлэлүүд энэ зуур сануулж байлаа. Мөн Дональд Трамп үүрэгт ажилдаа орсон даруйдаа Барак Обамагийн үед зогсоосон нефть барих хоолойн төслийг эргэн сэргээж, хүрээлэн буй орчныг хамгаалах агентлагийн эрх үүргийг хумих шийдвэр гаргасан нь мөн л эсэргүүцэл тэмцэлтэй тулгараад байгаа. Харин шинээр томилогдсон, тус агентлагийн дарга Скотт Прюитт үүнд ямар арга хэмжээ авч ажиллах нь одоогоор тодорхойгүй байна.
| АНУ-ын Хүрээлэн буй орчныг хамгаалах асуудал эрхэлсэн агентлагийн дарга Скотт Прюитт тангараг өргөлөө | ||
| Үзсэн: 825 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.