Шууд Chart

АНУ-ын хууль бус цагаачид албадан гаргана гэдгээс эмээж Канадыг зорьсоор байна

2017-02-20 17:28:02

Өнгөрсөн амралтын өдрүүдэд 20 гаруй хууль бус цагаач Ерөнхийлөгч Дональд Трампын цагаачлалын бодлогын дагуу АНУ-аас албадан гаргана гэдгээс эмээж Канад-Америкийн хил давсан тухай “Си-Би-Эс” телевиз уламжилж байна. Энэ сарын 18, 19-нд хүүхэд, том хүн нийлсэн 22 цагаач Америкийн Миннесота мужийн Канадын Манитоба мужтай хиллэдэг хилийг даван Канадад очжээ.

Энэ бол хууль бус цагаачдын Канадад нэвтрэх гол замын нэг нь юм байна. Манитоба мужийн Цагдаагийн газрын төлөөлөгч Роберт Сайринны хэлснээр  энэ он гарснаас хойш хууль сахиулах байгууллага энэ хэсэгт 99 цагаачийг саатуулжээ. Энэ хүний хэлж байгаагаар цагаачид хилийг амралтын өдөр давахыг илүүд үздэг, саяын амралтын өдрүүдэд л гэхэд энэ замаар 27 хүн Канадад нэвтэрсэн байна.

Канадын хилийн албаны мэдээлж байгаагаар өнгөрсөн 2016 оны 4-өөс 12 дугаар сард энэ замаар 410 хууль бус цагаач Канадад нэвтэрч, орогнол хүссэн юм байна. Манитоба мужийн Ерөнхий сайд Брайан Паллистер хууль бус цагаачдын урсгал нэмэгдэж байгаа талаар холбооны засаг захиргаанд дуулгасан ч Оттава одоогоор хилийн хяналтаа чангатгах бодолгүй байна.

2004 онд АНУ болон Канадын хооронд байгуулсан гэрээгээр хойд Америкийн энэ хоёр улсын аль нэгэнд орогнохыг хүсэгчид эхлээд өөрсдийн анх хүрэлцэн ирсэн орныхоо эрх баригчдад хүсэлт гаргах ёстой. Хэрвээ цагаач эхлээд АНУ-д ирсэн хэрнээ Канад руу хил давах тохиолдолд тэр хүнийг эргүүлэн АНУ руу албадан гаргадаг юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын хууль бус цагаачид албадан гаргана гэдгээс эмээж Канадыг зорьсоор байна   
Үзсэн: 900 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй