Шууд Chart

И.Батболд “Алтан төл”-ийн эзэн боллоо

2017-02-21 13:35:40

МҮОНР-ийн “Таван-Эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төл”-ийн эзнээр Завхан аймгийн Идэр сумын Мануустай багийн малчин Ишваанжилийн Батболд шалгарч, шагналыг УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, аймгийн Засаг дарга Д.Батсайхан нар гардуулан өглөө. Наймдугаар ангиа төгсөөд илгээлтээр малчин болж байсан тэрбээр өнөөдөр эрдэнэт мал сүргээ дөрвөн төрөлд өсгөн үржүүлж байна. Алтан төл, тэр дундаа алтан хурганы эзэн болсон залуу малчин И.Батболд энэ хавар 400 гаруй хурга, 100 орчим ишиг, 20 гаруй унага, 10-аад тугал, нийтдээ 550 орчим төл мал хүлээж авахаар бэлтгэлээ базаажээ.

Ишваанжил гуайнх есөн хүүхэдтэй бөгөөд гурав нь ижий ааваасаа мал маллах арга ухааныг өвлөж малчин болжээ.

Малч удамтай, малч ухаантай, хөдөлмөрч гэр бүл хэмээн нутгийн зон нь магтаалаа хайрлаж байлаа. Батболдын ээж Ичинноров хүүгээ алтан хурганы эзэн болсонд баяртай байгаагаа илэрхийлэв.

Сонирхуулахад Мануустай багийн малчин И.Батболд Идэр сумаас шалгарч буй хоёр дахь алтан төлийн эзэн юм. Тэрбээр 2005 онд сумын сайн малчин, 2015 онд аймгийн сайн малчин, аймгийн манлай малчнаар тус тус шалгарч байсан бол энэ жил ийнхүү “Алтан төл”-ийн эзнээр шалгарч нутгийн түмнээ баярлууллаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

И.Батболд “Алтан төл”-ийн эзэн боллоо   
Үзсэн: 1249 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй