Шууд Chart

Чикагод ерөнхийлөгч Трампыг эсэргүүцэгчид жагслаа

2017-02-21 15:36:45

АНУ-ын  Чикаго  хот  дахь  Трамп цамхагийн  гадна   олон  зуун  хүн  цуглаж  эсэргүүцлийн  жагсаал  хийсэн  байна.  Тэд АНУ-д   жил бүрийн  2 дугаар сарын  21-ны  өдөр  тэмдэглэдэг  Ерөнхийлөгчийн өдрийг  угтан  эсэргүүцлийн  энэ  ажиллагааг  зохион байгуулсан аж. Жагсаалд  оролцогчид  Трамп  бидний  Ерөнхийлөгч  биш гэсэн  уриа лоозонгууд  барьцгаасан  байлаа.  Тэд  шинэ  Ерөнхийлөгчийн  цагаачлал,   эрүүл мэнд,   байгаль орчны  асуудлаарх бодлого шийдвэрийг эсэргүүцэж  буйгаа энэ үеэр илэрхийлжээ.  Дональд Трамп  АНУ-ын  Ерөнхийлөгчийн тангараг  өргөж  үүрэгт ажилдаа  орсноос  хойш  яг  нэг  сарын  хугацаа  өнгөрч  байгаатай  энэ  жагсаал   давхацсан юм.

Ерөнхийлөгч  Трамп  үүрэгт  ажилдаа  орсон  даруйдаа  Цагаан  ордны  өмнөх  тэргүүний санаачилж  батлуулсан  эрүүл мэндийн даатгалын  тухай хуулийг хүчингүй болгох зарлиг  гаргасан. Мөн цаг уурын өөрчлөлттэй тэмцэх Парисын гэрээнд АНУ нэгдэхгүйг зарлаж, хууль бус цагаачлалтай  тэмцэх шуугиан дагуулсан зарлиг  гаргасан.   Түүний  цагаачлалын  бодлого олон нийтийн  эсэргүүцлийг  ихээр төрүүлэх  болсон.

Хэдхэн хоногийн өмнө л гэхэд АНУ-ын  томоохон хотууд  дахь цагаачид   Ерөнхийлөгч  Трампын бодлого шийдвэрийг эсэргүүцэж  байгаагаа илэрхийлэн   ажил хаялт зарласан юм.  Үүнтэй  холбоотойгоор   ихэвчлэн  цагаачид  ажилладаг  олон  зоогийн  газар, кафе, дэлгүүрүүд  үүд  хаалгаа  барихад хүрч байлаа.  Цагаачидгүй  өдөр  нэртэй  энэ  арга хэмжээ Вашингтон,  Нью-Йорк,  Лос Анжелес,  Филадельф, Чикаго  зэрэг  хотуудад болсон  юм.  Энэ арга хэмжээг  цагаачид  АНУ-ын  эдийн засгийн  ямар  чухал хэрэгцээтэйг харуулах  зорилготойгоор зохион  байгуулж байсан юм.  Мөн  Трамп  Ерөнхийлөгчийн цагаачлалтай холбоотой зарлиг гарсан даруйд  тус улс даяар эсэргүүцлийн   жагсаал  өрнөж  байсан  байсан билээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Чикагод ерөнхийлөгч Трампыг эсэргүүцэгчид жагслаа  
Үзсэн: 904 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй