ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсаас НҮБ-ын дэргэд сууж байсан байнгын төлөөлөгч Виталий Чуркиныг "Эр зориг"-ийн одонгоор нэхэн шагнасан байна. Энэ тухай Кремлийн ордноос мэдээлснийг Оросын хэвлэлүүд дамжуулсан юм.
НҮБ-ын дэргэдэх суурин төлөөлөгчөөр тууштай, үнэнч шударга, мэргэжлийн өндөр түвшинд ажиллаж байсныг нь үнэлж Виталий Чуркинд төрийн энэ дээд шагналыг нэхэн олгож байгааг ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигт тэмдэглэсэн байна. Мөн Сербийн Ерөнхийлөгч Тимослав Николич ОХУ-аас НҮБ-ын дэргэд сууж байсан суурин төлөөлөгч Виталий Чуркиныг Сербийн нэгдүгээр зэргийн одонгоор нэхэн шагнажээ. Энэ тухайгаа Сербийн Ерөнхийлөгч РТС 1 р сувгийн шууд дамжуулалтын үеэр мэдэгдсэн байна.
Тимослав Николич НҮБ-ын аюулгүйн зөвлөлөөс Сребреницагийн тогтоолыг гаргуулахад ОХУ-ын зүгээс, түүний дотор суурин төлөөлөгч Виталий Чуркины зүгээс онцгой дэмжлэг авч байсныг энэ үеэр сануулсан юм. Мөн тэрбээр нэрт дипломатч Чуркин Сербийн олон асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг тусламж үзүүлж байсны дээр ОХУ-д огтхон ч хамааралгүй асуудал дээр хүртэл хориг арга хэмжээ авах эрхээ ашиглаж дэмжлэг үзүүлж байсныг дурссан юм.
Түүнчлэн тэрээр ийм найз нөхөд байхад айх санаа зовох асуудал байхгүйг онцлон хэлсэн байна. Виталий Чуркин нь өнгөрсөн 20-ны өдөр Нью-Йорк хотод зуурдаар нас барсан. Түүний биеийн байдал гэнэт муудаж, эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд эмч нар шаардлагатай арга хэмжээнүүдийг авсан ч амь насыг нь аварч чадаагүй байна. Виталий Чуркин нь 2006 оноос НҮБ-ын дэргэдэх ОХУ*ын суурин төлөөлөгчийн албыг хашиж байсан юм. Виталий Чуркин нь 1952 онд төрсөн бөгөөд өнөөдөр 65 нас сүүдэр зооглох ёстой байсан юм.
Тэрээр 1974 онд МГИМО буюу Москвагийн олон улсын харилцааны их сургуулийг дүүргэсэн. 1989 оноос хуучин ЗХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. 1992 онд ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайдаар ажиллаж байжээ. Мөн Бельги, Канадад ОРосын элчин сайдаар ажиллаж байсны дээр НАТО дахь ОРосын төлөөлөгчөөр ажиллаж байсан юм.
| ОХУ-ын Ерөнхийлөгч Виталий Чуркиныг "Эр зориг"-ийн одонгоор нэхэн шагналаа | ||
| Үзсэн: 757 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.