Британичууд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тус улсад хийх төрийн айлчлалыг эсэргүүцэн жагслаа. Их Британийн парламентад олон нийтийн гарын үсгээ зурсан өргөх бичгүүдийг хэлэлцэж байгаатай холбоотойгоор эсэргүүцэгчид энэхүү жагсаал цуглаанаа хийсэн байна.
Парламентын гишүүд хоёр өргөх бичгийг хэлэлцэж байгаа юм. Нэг нь АНУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалыг цуцлахыг шаардсаных, нөгөө нь дэмжиж байгаагаа илэрхийлэгчдийн барьсан өргөх бичиг юм байна. Дональд Трампын Их Британи дахь төрийн айлчлалыг эсэргүүцэж байгаагаа 1.8 сая хүн илэрхийлж гарын үсгээ зурсан байгаа бол дэмжигчид нь ердөө л 311 мянга болсон байна. Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй өнгөрсөн нэгдүгээр сарын 27-нд АНУ-д айлчлах үеэрээ хатан хаан Елизабетагийн нэрийн өмнөөс тус улсад төрийн айлчлал хийхийг урьсан юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ хүсэлтийг нь хүлээн авч байгаагаа мэдэгдсэн. Энэ нь АНУ, Их Британийн харилцааны онцгой чухлыг баталсан гэж Их Британийн Гадаад хэргийн яамны мэдэгдэлд тэмдэглэсэн байна. Одоогоор АНУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын тов тодорхойгүй байна.
Лондоны цагдаагийн газрын удирдлагууд ирэх зургаадугаар сард байх хэмээн таамаглаж байгаагаа илэрхийлсэн байна. Харин Ерөнхий сайд Тереза Мэй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг урьсаны дараахнаас энэ айлчлалыг цуцлахыг уриалсан хөдөлгөөн тус улсад өрнөж өргөх бичигт эсэргүүцэгчдийн гарын үсэг цуглуулж эхэлсэн юм. Их Британид өргөх бичгийг судалж үзэх механизм бий. 10 мянгаас дээш хүн гарын үсэг зурсан байвал Засгийн газар заавал албан хариу өгөх үүрэгтэй байдаг байна. Мөн 100 мянгаас дээш гарын үсэг цуглуулсан өргөх бичгийг парламентаар хэлэлцэх ёстой. Тиймээс ирэх сарын 20-нд Трампын айлчлалыг цуцлахыг шаардсан өргөх бичигтэй холбоотой асуудлыг парламентаар хэлэлцэх юм байна.
| Британичууд АНУ-ын Ерөнхийлөгч Трампын айлчлалыг эсэргүүцэн жагслаа | ||
| Үзсэн: 659 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.