Шууд Chart

ОХУ-ын Онцгой байдлын яам Донбасс руу хүмүүнлэгийн тусламж илгээжээ

2017-02-22 12:13:19

Украины Донбасс мужийн  оршин суугчдад  зориулсан ээлжит хүмүүнлэгийн тусламжийн цувааг ОХУ-аас илгээлээ. ОХУ-ын Онцгой байдлын яамнаас өгсөн мэдээллээр орон нутгийн цагаар өчигдөр өглөөний дөрвөн цагийн орчим Украин, Оросын хилээр 300 тонн хүмүүнлэгийн ачаа ачсан 26 ачааны авто машин дамжин өнгөрч, Донбасс руу хөдөлсөн байна.

Украины Донбасс муж руу явж байгаа хүмүүнлэгийн тусламжийн дийлэнх нь бага насны хүүхдэд зориулагдсан эн тэргүүнд шаардлагатай эд зүйлс болон хүнсний бүтээгдэхүүн юм байна. Үүнд нэг ой хүртэлх нярай хүүхдийн амин дэм бүхий бэлдмэл, сүү сүүн бүтээгдэхүүн, жимс, ногооны нухаш болон махан таташ зэрэг бусад хүнсний өргөн хэрэглээний бараа багтсан байна. Хүмүүнлэгийн цуваа хоёр чиглэлээр Донбасст хүрэх юм байна. 

Эхнийх нь “Донецк”, нөгөө нь "Матвеев Курган” гэсэн цэгүүдээр дамжин хүрэх аж. ОХУ-аас илгээсэн хүмүүнлэгийн ачаануудыг хилээр нэвтрэх үед  нь олон улсын гааль шалганы хуулийн дагуу хууль бус бараа болон хориотой эд зүйлс тээвэрлэсэн эсэхийг нь  нягтлан шалгасан байна. Хүмүүнлэгийн тусламж  хүргэх  цувааны  бүрэлдэхүүнд эмч, текникийн мэргэжилтэн гээд бусад арын албаныхан багтаж байгааг холбогдох албаны хүн мэдэгдсэн байна. ОХУ ийнхүү Украины мөргөлдөөнтэй байгаа зүүн бүс нутагт хүмүүнлэгийн цувааг гурав дахь жилдээ илгээж байгаа юм. Ганц хүмүүнлэгийн бараа  бүтээгдэхүүнээс гадна түр орогнох майхан, барилгын материал зэрэг бусад хэрэгцээт зүйлсийн хангалт илгээсэн байна. 2014 оны наймдугаар сараас эхлэн ОХУ-ын Онцгой байдлын яам нийтдээ 66 мянга гаруй тонн хүмүүнлэгийн ачааг илгээжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-ын Онцгой байдлын яам Донбасс руу хүмүүнлэгийн тусламж илгээжээ   
Үзсэн: 1164 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй