Украины парламент дахь Радикал намын гишүүн Андрей Артеменког өчигдөр тус намын бүлгээс хассан байна. Түүнийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Засгийн газарт Донбасст энх тайван тогтоох төлөвлөгөөг санал болгосонтой нь холбоотойгоор ийнхүү Радикал намын парламент дахь бүлгээс хөөсөн байна.
Луганск, Донецк мужид Оросын талыг баримтлагчид 2014 онд дангаар тусгаар тогтнолоо зарласнаас үүдэн Украины зүүн хойд нутагт зэвсэгт мөргөлдөөн үүссэн юм. Энэ хямралт нөхцөл байдлыг намжаах зорилготой энх тайвны төлөвлөгөөг Украины Парламентын гишүүн Андрей Артеменко санаачилсан байна. Тэрээр энэ төлөвлөгөөндөө Крымыг 50 эсвэл 100 жилийн хугацаатайгаар ОХУ-д түрээслүүлэх, Украины зүүн бүс нутгаас Оросын цэргийг гаргах зэрэг саналуудыг тусгасан байна.
"Нью-Йорк Таймс"-ийнхан Украины Дээд Радын гишүүн Артеменко энэхүү энх тайвны төлөвлөгөөгөө АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майкл Флиннд огцрохоос нь өмнө танилцуулсан гэж мэдээлсэн байна. Гэвч Радикал намынхан энэхүү төлөвлөгөөг нь эрс буруушааж шүүмжилж байна. Украины парламент дахь бүлгийн тэргүүн Олег Ляшко Артеменкогийн Крымыг түрээслэх түүний санаачлага нь улс орноосоо, багийнхнаасаа урвасан хэрэг хэмээн үзэж буйгаа илэрхийлж парламент дахь намын бүлгээсээ түүнийг хасах шаардлага тавьсан байна. Радикал намынхан газар нутаг, тусгаар тогтнолоороо наймаалцлаа гэж түүнийг буруушааж байна.
| Андрей Артеменког Крымыг түрээслэх санал гаргаснаас нь болж намаас нь хаслаа | ||
| Үзсэн: 868 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.