Шууд Chart

Монгол, Японы Гадаад харилцааны яамны стратегийн зөвлөлдөх уулзалт боллоо

2017-02-22 14:36:51

Монгол, Японы Гадаад харилцааны яамны ээлжит стратегийн зөвлөлдөх уулзалт өчигдөр Улаанбаатар хотноо боллоо. Уулзалтыг Монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Японы талаас Гадаад хэргийн дэд сайд Т.Акиба нар ахлав.

Талууд Монгол, Японы харилцааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, ойрын болон дунд хугацааны зорилтын талаар дэлгэрэнгүй санал солилцсон юм. Тухайлбал, улс төрийн харилцаа, итгэлцэл урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрснийг үнэлж, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдсаныг харилцааны түүхэн амжилт болсныг тэмдэглэв. Мөн улс орны дээд удирдлагын түвшинд бэхжсэн найрсаг, итгэмжит харилцааг ажил хэргийн бүхий л түвшинд нэвтрүүлж ажиллах нь цаашдын чухал зорилт болно гэдэгт санал нэгдэв.

Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг цаашид эдийн засгийн агуулгаар түлхүү баяжуулах, эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд ач холбогдол өгч буйгаа илэрхийлж, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож буй энэ онд Монгол, Японы харилцааг эрчимтэй хөгжүүлэх эрмэлзэлтэй байгааг илэрхийлэв.

Монгол, Японы стратегийн түншлэлийн шинэ дунд хугацааны хөтөлбөрийг ойрын үед байгуулах чиглэлд хоёр улсын ГХЯ нягт хамтран ажиллахаар тогтлоо.

Японы Гадаад хэргийн дэд сайд Т.Акиба “Монгол Улс эдүгээ эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй тулгараад байгааг сайн ойлгож байна” гээд ОУВС зэрэг олон улсын байгууллагатай хамтран Монголын эдийн засгийн шинэчлэл өөрчлөлтийг дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Мөн Монгол, Японы харилцааг цаашид харилцан ашигтай байх зарчимд тулгуурлан хөгжүүлэх нь жинхэнэ утгаар стратегийн түнш болоход нэн чухал гэдгийг онцлов.

Уулзалтаар талууд олон улс, бүс нутгийн тавцанд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцож, олон улсын байдал, харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцов.

Т.Акиба УИХ-ын дарга М.Энхболд, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил нарт бараалхав.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Монгол, Японы Гадаад харилцааны яамны стратегийн зөвлөлдөх уулзалт боллоо  
Үзсэн: 623 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй