Канад улс "Исламын улс" бүлэглэлийн хохирогч болсон 1200 дүрвэгчийг түүний дотор Арабын угсаатны шашны цөөнх болох езидүүдийг хүлээн авахаа мэдэгдлээ. Энэ тухай Канадын цагаачлал, иргэншил, дүрвэгсдийн асуудал эрхэлсэн яамны сайд Ахмед Хусен мэдэгдсэн юм. Канадын Засгийн газар илүү эрсдэлтэй нөхцөлд байгаа дүрвэгсдийг хүлээн авч, Канадад орон байртай болж шинэ амьдрал эхлэх боломжийг нь олгох болно гэж тэрээр онцлон мэдэгдсэн юм.
Канадад амьдрах эрх олгох дүрвэгсдийг сонгохдоо тус улс НҮБ-тай хамтран ажиллах юм байна. Цагаачлалын албаны офицерүүд дүрвэгч нэг бүртэй ярилцаж, аюулгүй байдлын болон биометрийн шалгалтад хамруулан, эрүүл мэндийн шинжилгээ үзлэгт ч хамруулах юм байна. Канадын тал төдийгүй НҮБ ч дүрвэгсдийг шашны болон угсаа гарлаар ялгаж сонгохгүй ч энэ жил хүлээн авах 1200 хүний ихэнхийг нь езидүүдээс сонгох болно гэж мэдэгдэж байна.
Дүрвэгсдийг хүлээн авах энэ хөтөлбөрт Канад улс нийтдээ 28 сая ам.доллар зарцуулах юм байна. Өөрөөр хэлбэл, дүрвэгч тус бүрт 23 мянган ам.доллар зарцуулах юм. НҮБ "Исламын улс" бүлэглэлийнхний эртний езид үндэстний эсрэг үйлдэж буй гэмт хэргийг хоморголон устгалт хийнэ гэж тодорхойлсон бөгөөд дэлхийн улс орнуудад хандаж тэдэнд тусламж дэмжлэг үзүүлэхийг уриалсан юм.
Канад улс үндэсний энэ цөөнхийн дүрвэгсдийг хүлээн авахаа албан ёсоор илэрхийлсэн анхны орон болоод байна. Гэхдээ үүнээс өмнө тус улс нийт 400 езидийг хүлээн аваад байгаа юм.
| Канад улс "Исламын улс" бүлэглэлийн хохирогч 1200 дүрвэгч хүлээн авахаа мэдэгдлээ | ||
| Үзсэн: 930 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.