Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху Австрали улсад айлчилж байна. Энэ нь хоёр орон дипломат харилцаа тогтоосноос хойш Израилийн Засгийн газрын тэргүүний Австрали улсад хийж байгаа анхны айлчлал юм. Австрали улс нь Ойрхи Дорнодын хямралыг зохицуулах асуудлаар хоёр улс гэдэг зарчмыг баримталдаг ч НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс саяхан баталсан Израилийг шүүмжилсэн тогтоолын төслийг нэг талыг барьсан хэмээн үзэж дэмжихгүйгээ илэрхийлж байсан.
Энэ тухай Австралийн Ерөнхий сайд Малколм Тернбулл Израилийн Ерөнхий сайдын айлчлалтай холбоотойгоор "Автралиан" сонинд өгсөн ярилцлагадаа тэмдэглэн хэлсэн байна. Беньямин Нетаньяхугийн айлчлалын үеэр хоёр орны Засгийн газрын тэргүүнүүдийн уулзалт хэлэлцээ болно. Энэ үеэр хэлэлцэх гол асуудал нь аюулгүй байдлын салбар дахь түүний дотор кибер аюулгүй байдлын салбар дахь хамтын ажиллагааны асуудал байх юм байна.
Мөн Израилийн Ерөнхий сайд Австралийн генерал-амбан захирагч Питер Косгроув, сөрөг хүчин нь болох Лейборист намын тэргүүн Билл Шортен нартай уулзах юм байна. Айлчлалын үеэр хоёр тал иргэний нисэх, өндөр технологийн салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах юм байна.
Израилийн Ерөнхий сайд Сидней хотод хүрэлцэн ирсэн даруйдаа энэ айлчлал хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг улам тэлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлээд байна.
| Израилийн Ерөнхий сайд Австрали улсад айлчилж байна | ||
| Үзсэн: 695 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.