АНУ-ын шинэ засаг захиргааны төлөөлөгчид сүүлийн үед хурцдах болсон Мексик-Америкийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар Мексикт айлчиллаа. Тэдний хооронд үл ойлголцлын зөрүү их байгаа ч цаашид үүнийг ойртуулахын тулд хүчин чармайлт гаргана гэдгээ хоёр тал илэрхийлжээ. Тодруулбал, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон болоод Дотоодыг аюулаас хамгаалахын сайд Жонн Келли нар Мексикийн Гадаад хэргийн сайд Луис Ведагарайтай уулзсан байна. Тэд уулзалтынхаа дараагаар сэтгүүлчдийн өмнө хэвлэлийн бага хурал хийж, өөрсдийн байр суурийг танилцууллаа.
Энэ үеэр Ведагарай АНУ-ын төлөөлөгчдөд хандаж, цагаачдын эрхийг хүндэтгэхийг хүссэн байна. Харин Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон хоёр улсын хоорондын үзэл бодлын ялгаа цаашид улам бүр нэмэгдэх төлөвтэй байгааг хэллээ. Ер нь бол Мексик, Америк гэх хөрш хоёр орны харилцаа Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш доод цэгтээ хүртлээ муудчихаад байгааг хэвлэлүүд сануулж байна. Учир нь Америкийн шинэ засаг захиргааны барьж байгаа бодлого, тавьж байгаа шаардлагууд нь Мексикийн ашиг сонирхол болон ард түмнийх нь эрх ашигт нийцэхгүй гэдэг шалтгаанаар хоорондоо муудалцаад байгаа юм.
Хамгийн сүүлд Ерөнхийлөгч Трамп цагаачлалын шинэ бодлого гаргасан нь хууль бус цагаачдын олонхийг бүрдүүлдэг Мексикийн иргэдийг АНУ-аас албадан гаргахад хүргээд байна. Мөн Ерөнхийлөгч Трамп хоёр улсын хилийн дагуу барих ханын зардлыг Мексикийн тал 100 хувь гарга гэдэг шаардлагаа тавьсан хэвээр байгаа юм. Өчигдрийн уулзалтын дараах хэвлэлийн бага хурал нилээд ширүүн уур амьсгал дунд болсон бөгөөд хоёр улсын харилцааг эргэн сэргээх асуудал амаргүй, удаан явцтай байх болов уу гэж Мексикийн талаас мэдэгдлээ.
Харин Рекс Тиллерсон тусдаа бие даасан улс үндэстний хооронд баримтлах зарчим, үзэл бодлын ялгаа байх нь ойлгомжтой. Цаашид ч энэ ялгаа байсаар л байна. Үүнийг ойлгож хүлээж ав гэдгийг Мексикийн талд санууллаа. Мөн АНУ-ын төлөөлөгч Жонн Келли улс орны аюулгүй байдлын үүднээс гаргасан цагаачлалын бодлогыг хэрэгжүүлэхэд цагдаа, цэргийн хүч хэрэглэхгүй гэж мэдэгджээ. Төлөөлөгчид Вашингтонд эргэж ирэхээсээ өмнө Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пено Неттотой хаалттай уулзалт хийсэн байна.
| АНУ, Мексикийн харилцааг сэргээхэд итгэлцэл чухал гэдгийг онцоллоо | ||
| Үзсэн: 738 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.