АНУ-ын "SPACE X" компанийн тусламжтайгаар Олон улсын сансрын станц руу бараа хүргэж, буцаад дэлхий рүү ачаа тээвэрлэх болсон. Тэгвэл хүн суулгаж, сансрын уудамд аялуулаад зогсохгүй, сар руу аялуулахаар төлөвлөж байгаа тухайгаа тус компанийн зүгээс олон нийтэд мэдээллээ.
НАСА агентлагийн хөөргөсөн "Апполло" хөлгийн тусламжтайгаар хүн төрөлхтөн бараг хагас зуун жилийн өмнө буюу 1968 онд анх саран дээр хөл тавьж байжээ. Түүнээс хойш анх удаа сар руу хүн, тэр дундаа жуулчид илгээхээр шийдээд буй юм байна.
"SPACE X" компанийн Ерөнхийлөгч Элон Маск сарны тойрог замд аялах хоёр жуулчин аль хэдийнэ тодорч, аяллын төлбөрөө хийснийг хэлсэн боловч аяллын төлбөр болон бусад мэдээллийг нууцалж байна.
Компанийн зүгээс аялагчдыг долоо хоногийн хугацаатай, сансрын уудамд аялуулах бөгөөд хамгийн гол нь саран дээр газардахгүй, зөвхөн тойрч, гадаргууд нь ойр нисэн өнгөрөх юм. Аялагчдыг тээвэрлэн явах "Ред Драгон" хөлөг нь бүрэн автомат жолоодлоготой бөгөөд эхний нислэгийг ирэх 2018 оны дундуур хийхээр төлөвлөжээ. Ингэхдээ эхлээд олон улсын сансрын станц руу ниснэ.
Харин дараа нь буюу 2018 оны дөрвөөс зургаадугаар сарын хооронд жинхэнэ сар руу аялах юм байна. Аяллын нийт урт нь нэг талдаа л гэхэд 240 мянган миль буюу 386 мянган км байх юм. Түүнчлэн "SPACE X" компани 2020 онд Ангараг буюу Улаан нүдэн гараг руу "Ред Драгон" хөлгөөр хүмүүс илгээхээр төлөвлөж байна.

| 2018 онд хоёр жуулчныг сар руу аялуулна | ||
| Үзсэн: 977 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.