Куба улсын нийслэл Гавана хотноо жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Габанос Сигар фестиваль" буюу Гаванагийн навчин тамхины үзэсгэлэн нээлтээ хийлээ. 1997 оноос хойш 20 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа уг үзэсгэлэнг дэлхийн хамгийн том тамхины их баяр наадам гэж хэлж болох юм. Энэ фестивальд оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс тамхи сонирхогчид, үйлдвэрлэгчид тус улсыг зорьдог байна.
Энэхүү үзэсгэлэнгийн олны анхаарлыг хамгийн ихээр татдаг нэг зүйл нь тамхийг хэрхэн үйлдвэрлэдэг технологийг дэргэдээс нь харж, амталж үзэх юм. Түүнчлэн тамхины тариалангийн талбай болон үйлдвэрт зочлох, өөрийн гараар навчин тамхи ороох, олон жилийн уламжлал шингэсэн тамхи ороох нууцыг мэдэх гэхчилэн боломжууд олддог байна.

Куба улсын тамхины үйлдвэрлэл жил бүр 400 гаруй сая америк долларын тогтмол орлогыг бүрдүүлдэг аж. Гэхдээ сүүлийн хоёр жилийн туршид цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас тамхины тариалан уналтад ороод байгааг үзэсгэлэнг зохион байгуулагчдын зүгээс хэлж байна.
Гэхдээ тариаланчдын зүгээс ургацаа алдахгүйг хичээн ажиллаж байгаа учраас гарз хохирол багатай байгаа сайн мэдээг мөн тэд хэлж байгаа юм. Өнгөрөгч 2016 онд тус улсын тамхины борлуулалт 12 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг онцоллоо. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Куба улс өнгөрөгч 2015 онд 428 сая америк долларын навчин тамхины борлуулалтыг хийжээ. "Габанос Сигар фестиваль" энэ сарын 3-ныг дуустал үргэлжилнэ.

| Гавана хотноо навчин тамхины фестиваль эхэллээ | ||
| Үзсэн: 2770 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.