Шууд Chart

Дэлхийн зэвсгийн худалдаа хүйтэн дайнаас хойш хамгийн өндөр түвшинд хүрчээ

2017-03-01 17:00:00

Дэлхийн зэвсгийн худалдаа сүүлийн таван жилд хүйтэн дайнаас хойш хамгийн өндөр түвшинд хүрсэн талаарх судалгааг Шведийн судалгааны хүрээлэнгээс гаргажээ. Стокгольмын олон улсын энх тайван судлалын хүрээлэнгийн гол хэрэглээний зэвсгийг олон улсад худалдаалсан байдалд хийсэн судалгаанаас харахад 2012-2016 оны хооронд гол хэрэглээний зэвсгийн олон улс руу дамжуулсан түвшин өмнөх таван жилтэй харьцуулахад 8.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Мөн Ойрхи Дорнодын улс орнуудын зэвсгийн импортыг 2007-2011 оны хооронд хийгдсэн худалдаатай нь харьцуулахад 86 хувиар өсчээ.

Өмнөх таван жилд Азийн улс орнуудын зэвсгийн импорт 7.7 хувиар өссөн байхад Европ болон Африк тив рүү чиглэсэн зэвсгийн худалдаа нэг хувиар буурсан байна. Ер нь сүүлийн таван жилийн хугацаанд Сири, Йемен зэрэг орнуудад дайн байлдаан даамжирч, "Исламын улс" бүлэглэлийн эсрэг тэмцэл эрчимжсэн зэргээс үүдээд Ойрхи Дорнодын улс орнуудын зэвсгийн импорт эрчимтэй өссөн байна.

Үүнээс ангилан үзвэл Ази, Номхон далайн улс орнууд далайн харуулын хөлөг онгоц болон шумбагч онгоцыг түлхүү худалдан авчээ. Энэ нь Өмнөд Хятадын тэнгис дэх Хятад улсын үйл ажиллагаа нэмэгдсэнтэй холбоотой гэж дээрх байгууллагын судлаачид дүгнэсэн байна. Харин зэвсэг экспортлогч орнуудын тухайд АНУ энэ жагсаалтыг тэргүүлж байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн зэвсгийн экспортын гуравны нэгийг АНУ дангаараа бүрдүүлж байна. ОХУ-ын хувьд мөн л зэвсгийн экспортоор дэлхийд хоёрдугаарт жагсаж байна. ОХУ-ын хилийн чинадад хийсэн зэвсгийн худалдаа нийт худалдааны 23 хувийг эзэлж байна.

Мөн манай өмнөд хөрш БНХАУ дэлхийн зэвсгийн худалдаанд гурван жил дараалан гуравдугаарт жагсаж байна. Зэвсгийн худалдааг судлаачид Хятад улсыг одоо дэлхийн гол зэвсэг нийлүүлэгч орон болсныг хүлээн зөвшөөрөх ёстойг энэ судалгаандаа үндэслэн хэлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийн зэвсгийн худалдаа хүйтэн дайнаас хойш хамгийн өндөр түвшинд хүрчээ   
Үзсэн: 1295 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй