Дөрөвдүгээр сард болох Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөн нилээд дуулиан шуугиан дагуулж байна. Тус улсын дараагийн Ерөнхийлөгчөөр сонгогдох магадлал өндөр гэгдэж байсан Франсуа Фийоны эсрэг хууль хяналтынхан хэрэг үүсгэж, гэрийг нь нэгжсэн байна.
Өчигдрийн нэгжилт бол түүний эсрэг үүсгэсэн төсвийн мөнгийг шамшигдуулсан хэргийн мөрдөн шалгалтын ажлын нэг хэсэг болохыг албаныхан тайлбарлаж байна. Тодруулбал, Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Франсуа Фийон өөрийн эхнэр болон хүүхдүүдээ төсвийн мөнгөөр цалинжуулсан нь тодорхой болсон. Тэрбээр үүнийгээ тайлбарлахдаа эхнэрээ туслахаараа ажиллуулж, хоёр хүүхдээсээ хууль зүйн зөвлөгөө авсан учир ажлынх нь хөлсийг өгсөн гэж байгаа юм.
Харин прокурорынхон Фийоны гэр бүлийн гишүүд түүний хэлж байгаа ажлыг огт хийгээгүй бөгөөд зүгээр сууж байгаад төсвөөс цалинжсан гэж буруутгаж байна. Энэ хэрэг Фийоны сонгуулийн өрсөлдөөн, нэр хүндэд сөргөөр нөлөөлж, намын нөхөд нь хүртэл түүнийг нэрээ татахыг шаардах болсон.
Гэвч тэрбээр нэрээ татахгүй гэдгээ мэдэгдээд байна. Прокурорынхон түүний эсрэг хэрэг үүсгэсэн бөгөөд шүүх хурал энэ сарын 15-нд буюу нэр дэвшигчид албан ёсоор нэрээ баталгаажуулахаас хоёр хоногийн өмнө болох юм байна. Энэ шүүх хурлын үр дүнгээс хамаарч түүний Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эсэх нь шийдэгдэнэ.
Францын Ерөнхийлөгчийн сонгууль хоёр шаттайгаар явагдах бөгөөд эхний шат дөрөвдүгээр сарын 23-нд, дараагийх нь тавдугаар сарын 7-нд болох юм.
| Франсуа Фийоны гэрт нэгжлэг хийлээ | ||
| Үзсэн: 1578 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.