Шууд Chart

АНУ-ын Ерөнхий прокурор ОХУ-тай холбоотой мөрдөн байцаах ажиллагаанд оролцохоос татгалзлаа

2017-03-03 13:13:06

АНУ-ын Ерөнхий прокурор Жефф Сешнс ОХУ-тай холбоотой мөрдөн байцаах ажиллагаанд оролцохоос татгалзсан байна. Тэрбээр аль ч Засгийн газрын үед ОХУ-тай холбоотой мөрдөн байцаах ажиллагаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн юм.

Ийм шийдвэр гаргах болсноо тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуультай холбон тайлбарлалаа. Тодруулбал, өнгөрсөн онд болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ-ын тал нөлөөлсөн байж болзошгүй гэж Холбооны мөрдөх товчоо үзэж байгаа бөгөөд энэ хэрэгт Жефф Сешнсийг сэжиглэж байгаа юм.

Учир нь АНУ-ын Ерөнхий прокурор Жефф Сешнс Ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажлын үеэр ОХУ-ын Элчин сайд Сергей Кисляктай хоёр ч удаа уулзсан болохыг нь тогтоосон байна. Тэрбээр үүнийг тайлбарлахдаа АНУ-ын сенатчийн хувиар Оросын төлөөлөгчтэй уулзаж, терроризм болоод Украины асуудлаар ярилцсан энэ уулзалт сонгуультай огт холбоогүй гэж байгаа юм. Мөн тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард Сенатын хорооны хэлэлцүүлэгт оролцох үеэрээ Оросын төлөөлөгчидтэй огт уулзаж байгаагүй гэж батлаж байсныг нь хэвлэлүүд энэ зуур сануулж байна.

Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Майкл Флинн мөн л Оростой холбоотой асуудлаас үүдэн огцорсон бөгөөд Ерөнхий прокурор түүний араас явах уу гэдэг нь хэвлэлийнхний анхаарлыг татаж байгаа юм. Ерөнхийлөгч Трамп энэ асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ “Жефф Сешнсийг Оросын төлөөлөгчтэй уулзсаныг огт мэдээгүй. Гэхдээ түүнд бүрэн итгэл хүлээлгэж байна” гэсэн байна. Мөн "Цагаан ордон" ч Ерөнхий прокурорын талд байгаагаа мэдэгдэж энэ дуулиан бол Трампын Засгийн газрын эсрэг явуулж байгаа ардчилсан намын ээлжит гүтгэлэг гэсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын Ерөнхий прокурор ОХУ-тай холбоотой мөрдөн байцаах ажиллагаанд оролцохоос татгалзлаа   
Үзсэн: 1945 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй