Бээжин хотод өнөө өглөө БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага-Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын ээлжит чуулган ажлаа эхэллээ. Энэ удаагийн чуулганыг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян нээж үг хэллээ. Тэрбээр Хятадын Засгийн газраас 2016 онд хийсэн ажлаа тайлагнаж, 2017 онд хийж гүйцэтгэх үндсэн үүрэг даалгаврын чиг шугамыг тодорхойллоо.
Хятадын парламентын 3000 гаруй депутат улс орны 2017 оны нийгэм-эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөө, 2016 оны төсвийн гүйцэтгэл, 2017 оны төсвийн төлөвлөгөө, 2017 оны цэргийн зардал зэрэг Засгийн газраас авч хэрэгжүүлэх төлөвлөгөөг сонсож хэлэлцэнэ. Гуравдугаар сарын 15 хүртэл үргэлжлэх энэ чуулганаар Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хорооны тайлан, Ерөнхий прокурорын ажлын тайлан, Ардын дээд түүхийн тайлан болон Хятадын нийгэм-эдийн засгийн хөгжилтэй холбоотой бусад асуудлыг хэлэлцэнэ.
Ялангуяа аж үйлдвэрлэлийн хэт их хүчин чадлыг багасгах, санхүүгийн системд хийж эхэлсэн өөрчлөлт шинэчлэлийг гүнзгийрүүлэх, эдийн засгийн уламжлалт салбаруудыг шинэчлэх, байгаль экологийн асуудал 2017 онд хэрэгжүүлэх үндсэн чиглэлүүдийн нэг болж байна. Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын дарга Фу Иний хэлснээр энэ удаагийн чуулганы ажлыг гадаад, дотоодын 3000 гаруй сэтгүүлч сурвалжлах юм байна. Тус чуулган хаагдсаны дараа Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян чуулганыг дүгнэж хэвлэлийн бага хурал хийх аж.

| Бээжин хотноо БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллагын ээлжит чуулган эхэллээ | ||
| Үзсэн: 996 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.