Францын томоохон сөрөг хүчин болох Бүгд Найрамдах намын улс төрийн хорооныхон Франсуа Фийоныг тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийг нь дэмжлээ. Ингэснээр Пенелопагейт гэж нэрийдсэн шуугианаас болоод Бүгд найрамдахчууд өөр нэр дэвшигч тодруулах нь гэсэн таамаглалыг няцаагаад байна.
Франсуа Фийон намын улс төрийн хороонд нэр дэвшин өрсөлдөхөөр төлөвлөж байгаагаа баталсан байна. Үүний хариуд тус хорооны гишүүд түүнийг дэмжиж байгаагаа санал нэгтэйгээр илэрхийлсний дээр улс орноо сэргээн мандуулах Фийоны төслийг хамтран хэрэгжүүлэхээ баталцгаасан байна. Франсуа Фийон хэдхэн 7 хоногийн өмнө л гэхэд Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах хамгийн өндөр магадлалтайд тооцогдож байсан билээ.
Гэвч өнгөрсөн нэгдүгээр сарын 25-нд Францын хэвлэлүүдэд эхнэр Пенелопагаа парламентын гишүүний туслахаар ажилладаг гэж олон жилийн туршид төсвөөс цалинжуулж байсан гэх шуугиан гарч эхэлсэн юм. Энэ шуугиан бараг хагас сарын турш үргэлжилж Пенелопагейт гэдэг нэр томьёо хүртэл гарсан. Улмаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг ирэх 15-нд шүүхэд дуудчихаад байгаа юм. Гэвч Франсуа Фийон Ерөнхийлөгчийн суудлын төлөөх өрсөлдөөнөөсөө татгалзахгүйгээ илэрхийлсээр байгаа юм.
Тэрбээр эхнэр нь үнэхээр парламентын гишүүнээр ажиллаж байсныхаа төлөө цалин хөлсөө авдаг байсныг баталсаар ирсэн. Гэхдээ ингэж ажиллахыг нь хуулиар хориглоогүй байдаг ч өөр хүн хөлслөн ажиллуулах ёстой байснаа хүлээн зөвшөөрч ард иргэдээс уучлал хүссэн юм. Өнгөрсөн 7 хоногт түүнийг дэмжигчдээс хэд хэд нь нүүрээ буруулсан. Олон улс төрч, түүний дотор экс Ерөнхий сайд Ален Жюппе, Ерөнхийлөгч асан Николя Саркозигийн талынхан төдийгүй Фийонистууд гэдгээрээ алдартай улс төрчид ч түүнийг дэмжихгүйгээ илэрхийлцгээсэн билээ. Францын Ерөнхийлөгчийн сонгууль хоёр үе шаттайгаар зохион байгуулагддаг бөгөөд эхнийх нь ирэх сарын 23-нд, дараагийнх нь тавдугаар сарын 7-нд болох юм.
| Францын Бүгд найрамдах намынхан Франсуа Фийоныг дэмжлээ | ||
| Үзсэн: 906 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.