Шууд Chart

Мартын 8: Дэлхийн дахинд

2017-03-08 16:30:47

Та бүхэнд Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг бусад улс оронд энэ өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг талаарх мэдээллийг товч сонирхуулъя. Энэ өдрийг зарим орон эмэгтэйчүүд, ээж, охиддоо хайр хүндэтгэлээ илэрхийлэх баярын өдөр болгон тэмдэглэж байгаа бол өөр орнуудад энэ өдрийг эдийн засаг, улс төр, нийгмийн салбарт эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах, жендерийн тэгш эрхийн асуудлыг хөндөн тавьдаг өдөр гэж үздэг. Түүнчлэн энэ өдрийг манай улстай нэгэн адилаар дэлхийн 30 гаруй улс оронд  бүх нийтээр амарч өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг аж. Тухайлбал, ОХУ, Казахстан, Гүрж, Камбож, Лаос, Молдав, Афганистан зэрэг орнууд үүнд багтдаг байна.

Харин Хятад, Македон, Мадагаскар, Балба зэрэг орны хувьд энэ өдөр зөвхөн эмэгтэйчүүд амардаг гэдгээрээ онцлогтой юм. Болгар, Румын зэрэг улсад өнөөдрийг ээжүүдийн баяр гэж мөн үздэг. Иймээс ээж нартаа бэлэг барьдаг уламжлал тогтжээ.  Армен улсын хувьд ЗХУ задарсны дараа эмэгтэйчүүдийн баяраа гуравдугаар сарын 8-нд бус, харин дөрөвдүгээр сарын 7-нд тэмдэглэн өнгөрүүлэх болсон байна. Италид эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэхдээ эмэгтэйчүүдэд шар өнгөт гамба цэцэг бэлэглэдэг.

Орос, Албанид ч мөн энэ цэцгийг шоколадтай бэлэглэх хандлага их ажиглагддаг. Түүнчлэн, Украйн улсын нийслэл Киев хотноо эмэгтэйчүүдийн дунд бүжгийн тэмцээн, эмэгтэйчүүдийн автомашины уралдааныг зохион байгуулдаг гэнэ.  Харин энэ үеэр, замын цагдаагийн газраас нь, албан ёсоор зөвшөөрөл өгч, аюулгүй тэмцээний аюулгүй байдлыг ханган ажилладаг байна.

АНУ харин энэ өдрийг албан ёсоор баяр гэж тэмдэглэн өнгөрүүлдэггүй. Гэхдээ АНУ-ын ерөнхийлөгч жил бүрийн гуравдугаар сарыг эмэгтэйчүүдийн түүхийн сар болгон зарлаж, түүхэнд нэрээ мөнхөлсөн эмэгтэйчүүдийг нэхэн дурсдаг юм. Энэ оны эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг НҮБ “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн хүрээнд жендерийн тэгш байдлыг хангах зорилт дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Мөн Турк болон бусад оронд эмэгтэйчүүдийн эрхийн төлөө жагсаал цуглаан зохион байгуулагдаж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мартын 8: Дэлхийн дахинд  
Үзсэн: 1471 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй